Монголчууд Дэлхийн хамгийн хямд хэрэглээний компьютер бүтээж байна

 

ШУТИС-ийн эрдэмтэд компьютерийн бүхэл бүтэн эх хавтанг нэг чип дотор багтааж чадлаа. Энэ нь компьютерийн

овор хэмжээг эрс багасгах, цахилгаан тэжээлийг хялбар болгох, үнэ өртөгийг эрс хямдруулах зэрэг олон шинэ боломжийг нээж байгаа юм. Монгол инженерүүдийн сэтгэлгээгээр хийсэн шинэ бүтээгдэхүүн нь Шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарч Инновацийн төсөл авч туршилтын журмаар үйлдвэрлэж эхлээд байгаа юм.  Энэ талаар тодруулахаар ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургуулийн багш, доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат ажилтан, төслийн удирдагч Б.Сүхбаатартай уулзаж ярилцав.


-Та бүхэн маш жижиг, хямд,хялбар компьютер бүтээсэн гэж дууллаа. Шинэ бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу?
-Бүтэн хавтанг нэг чипэнд суулгана гэдэг маань рам, процессор, дисплей карт, оролт,гаралтын төхөөрөмж гээд энэ олон юмыг нэг жижигхэн схемд багтаачихаж байгаа  юм.  Хоёр жилийн өмнөөс хөөцөлдсөөр эрхийг нь авч сая нэг туршилтын үйлдвэрлэлийн хэмжээнд хүрлээ. Өөрөөр хэлбэл тэр  жижиг схем чинь компьютер юм шүү дээ.  Гар утас руу ч хийж болно. Компьютер хаана хэрэглэж байгаа газарт хэрэглэх бүрэн боломжтой.  Монгол Улсын хэмжээнд нэг хүүхэд нэг компьютер” гэж төсөл хэрэгжиж байгаад одоо амжилт муутай чимээгүй болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Би  жижиг компьютер үйлдвэрлэх боломжтой гэж  төсөлд санал оруулсан. Олон давуу талтай овор хэмжээ  жижиг учраас цахилгаан тэжээл бага хэрэглэдэг. Жирийн хуруу зайгаар ажилладаг. 8,9 инчийн зөөврийн дэлгэцтэй. Хард диск нь маш хялбар, зургийн аппаратын SD бий шүү дээ. Түүнийг ашиглаж хийсэн учраас унаж  доргиоход эвдрэхгүй. Нэг компьютер 200 долларын үнэтэй. Ерөнхийдөө дизайн нь гараад туршилтын компьютер гарчихсан. Инженерүүдийн анхдугаар чуулганы үзэсгэлэнд энэ бүтээлээ анх тавьсан нь шалгарсан шүү. Нөгөө чип чинь  жижигхэн учраас компьютерын гар дотор ч багтааж хийсэн.  Нэг ёсондоо компьютерын гар дотор процессор нь багтаж байгаа гэж ойлгох хэрэгтэй.  Түүнийгээ бид “Гар компьютер” гэж нэрлэсэн. Энэ компьютерууд маань  “Linux/Windows XP” үйлдлийн систем суулгах, интернэт ашиглах, өргөн хэрэглээний програмууд, энгийн online тоглоом тоглох зэрэг боломжтой нь туршилтаас батлагдсан.  Харин компьютерийн өндөр хүчин чадал, өндөр хурд шаардах зарим тусгай програмууд, online видео үзэх зэрэгт төдийлөн тохиромжтой биш.  Цахилгааны хэрэглээ харьцангуй маш бага (~5Ватт) учраас нарны зайгаар тэжээх боломжтой. Ердийн процессор ~100 Ватт хэрэглэдэг. Гэтэл манай компьютер  20 дахин хэмнэлттэй. Саяхан болоод өнгөрсөн Шинжлэх ухаан технологийн үзэсгэлэнд бүтээлээ  танилцуулсан. 2011 оны шилдэг бүтээлээр шалгарсан. Бид бас автоматжуулалтын төхөөрөмжөөр нэлээд олон зүйл  хийж байгаа.

-Автоматжуулалтын төхөөрөмж гэхээр яг ямар технологи нэвтрүүлэх нь вэ?
-Маш жижиг процессор дээрээ суурилаад  робот хийж байгаа. Эхний ээлжинд үлгэр уншдаг робот хийж үзнэ.  Мөн ахуйн хэрэгцээний жижигхэн үйлдэл хийдэг робот ч бүтээх юм. Хүүхдэд үлгэр уншиж өгдөг  өвөө ч юмуу, эмээ байж болох нь. Гэхдээ бид эхний ээлжинд  инновацийн төсөлд шалгарсан жижиг зөөврийн компьютерээ үйлдвэрлэхээр ажиллаж байна.  Ямар ч байсан энэ жилдээ багтаад 300 ширхэг компьютер үйлдвэрлэнэ. Хөдөө орон нутгийн хүүхдүүд, малчдыг энэ компьютераар  хангах бүрэн боломжтой.  Батарейгаар  ажиллаж  болох  учраас хээр, хөдөө өвөртөө хийчихээд  интернэтээр харьцах боломжтой.  Малынхаа захад мессенжердээд сууж болох нь байна шүү дээ.  Ер нь бол жирийн хэрэглээний компьютер байгаа юм. 1 гега герцийн хурдтай, 1 гега герцийн рамтай. Орчин үеийн өндөр хурдтай компьютерийг гүйцэхгүй ч ойр зуурын хэрэгцээг бүрэн хангах чадвартай.  Цүнхэндээ хийгээд аваад явахад авсаархан. Хэмжээ нь яг жижиг ном шиг. 1 кг жинтэй. Хөдөө гадаа ажлаар явдаг хүмүүст хэрэглэхэд маш хялбар. Машины аккумлятороор цэнэглэхэд нэлээн хэдэн өдөр ажиллана шүү.  Алслагдсан хөдөө орон нутгийн сургуулийн нэг ангид хэдэн компьютер тавьчихад ямар ч байсан дэлхийн мэдээллээс хоцрохгүй.  Гар компьютер нь 150 доллар, зөөврийн компьютер 200 долларын үнэтэй. Гар компьютерыг дэлгэцэнд залгахад ажиллах юм. Телевизид ч холбож болно. Монголд битгий хэл дэлхийд хамгийн хямд хэрэглээний компьютерыг бид хийсэн. Бид экспортод гаргах боломжтой гэж үзэж байгаа. Эрхээ ч авчихсан. Гадаадын хөгжиж буй улс орнууд хямд компьютер сонирхдог юм билээ. Ер нь цаашдаа янз бүрийн юм хийхээр судалж байна.  Бидний автоматжуулалтын хийж байгаа бүтээгдэхүүнийг маш олон талаар ашиглах боломж бүрдэнэ.  Эрүүл мэндийн чиглэлээр ашиглаж болох судалгаа хийсэн.  Ялангуяа хөдөө орон нутагт зайн эмчилгээ их чухал болоод байгаа. Тэнд эмч байхгүй байж болно. Цахим мэдээллээр төвийн эмч нартаа бүгдийг дамжуулж үзүүлэх  системд шилжээд байна шүү дээ. Үүнийг Тайваны эмнэлэг ашигладаг юм билээ. Бид Тайвануудтай хамтарч ажиллах гээд ярьж байгаа.     

-Гадаадын улс орнууд та нарынх шиг жижиг схемд багтсан  компьютер хийж үү?
-Тайваньд хийсэн байна лээ. Робот ч хийсэн харагдана лээ. Компьютерийг нь шууд худалдаж авахад үнэтэй.  10 гаруй деталь худалдаж аваад, хард диск, цэнэглэдэг батарей 8 ширхэгийг бусад оролт гаралтын төхөөрөмжүүдийг аваад компьютерээ хийнэ.  Жижиг дэлгэцийг Тайванаас, Хятадаас ч авч болох юм билээ. Тайваных нь илүү найдвартай санагдсан.  Ер нь компьютерийн үндсэн нарийн технологи нь жижигхэн схем буюу чипсд багтаж байгаа учраас үйлдвэрлэхэд хялбар. Туршилтын журмаар хэдэн ширхэгийг хийсэн байгаа. Жижиг зөөврийн компьютер, гар компьютер, маш жижиг процессор хийх инновацийн төсөл авсан маань амжилттай явж байна даа. 

-“Нэг хүүхэд нэг компьютер” төслийн хүрээнд жижигхэн зөөврийн ногоон  компьютер хүүхдүүдэд тараагаад байсан шүү дээ. Түүнээс үнийн хувьд танай компьютер хямд уу, хүчин чадал, ашиглалтын хувьд юугаараа давуу юм бэ?
-Тэр компьютерыг чинь Америкт үйлдвэрлэдэг. Нэг ширхэгийг нь 280 доллараар нийлүүлсэн юм билээ. Сэлбэг олдоц муутай. Түүнийг би шүүмжлээд байгаа юм. Дэлгэц нь бага хэмжээтэй, батарей нь стандартын биш. Нэг эвдэрвэл дуртай газраасаа авч болохгүй. Заавал Америкаас захиалдаг. Windows XP-ээр ажилладаггүй. Linoks гэж үйлдлийн системээр ажилладаг. Тийм компьютер дээр ажиллаад сурчихсан хүүхэд энгийн бидний  хэрэглээний компьютер дээр ажиллаж чадахгүй байх жишээтэй. Бидний хийж байгаа компьютер бол  өргөн хэрэглээний үйлдлийн системээр ажилладаг. Америкийн компани нь энэ компьютерээ үйлдвэрлэхээ больчихсон. “Нэг хүүхэд, нэг компьютер” төслийнхөн Андройд гэж үйлдлийн системтэй компьютер хөөцөлдөөд яваад байгаа сураг гарч байна лээ. Олон улсын компьютерын боловсролын гэрчилгээ гэж байдаг юм. “ISDL” гэж үнэмлэх байдаг.  Нэг үгээр хэлбэл компьютерын жолооны үнэмлэх гэж ойлгож болно. Түүнийг авчихсан хүн бол дэлхийн аль ч улсын өнцөг буланд очсон компьютерт тайлагдсан гэж үнэлэгддэг. Тэнд авч байгаа шалгалт нь ерөөсөө л бидний хэрэглэж буй үйлдлийн системээр шалгадаг. Түүнийг манай улс бас барих хэрэгтэй л гэж үздэг.

-Та бүхнийг робот хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа гэж дуулсан?
-Хүний хийдэг бүх үйлдлүүдийг болж өгвөл автоматаар хийх санаатай байна. Одоо бид  телевизийг  нүдээр харж чихээр сонсож байна. Тэгвэл хүн чинь таван мэдэрхүйтэй амьтан. Телевизийг амталж, үнэрлэж болох нь.  Ялангуяа роботын чиглэлийг Монголд дэлгэрүүлэхийг их зорьж ажиллаж байна.  Хэдэн жижигхэн эмээ, өвөө хийгээд орой таны хүүхдэд үлгэр уншиж өгөх жишээтэй. Тийм үлгэр уншиж өгөөч гэх юм бол бааз дотор нь хадгалагдаж байгаа үлгэрээсээ л ярих нь байна шүү дээ. Хэлсэн үлгэр хэрэв байхгүй бол өөрөө интернэтээр хайгаад явчина.  Эхлээд зүгээр товчтой хийх юм. 50 үлгэр оруулаад түүн дотроосоо сонгох боломжтойгоор.  Бүр яриа ч  оруулна. “Би үүнийг хайж байна. Таны хэлсэн үлгэр байхгүй байна” ч гэдэг юмуу. Ном бариад уншдаг робот ч хийж болно. 

-Гэр цэвэрлэх робот хийж болох уу?
-Бололгүй яах вэ. Байдаг шүү дээ. Манайхан уурхайн чиглэлээр их ажиллаж байгаа болохоор аврагч робот хийхээр судалж байгаа. Газрын гүн рүү орж бүх мэдээллийг хараад дээш нь мэдээлэх юм. Технологийн хувьд боломжтой. Хөдөөний малчид хотондоо мануухай мануухай босгочихсон байдаг шүү дээ. Түүн шиг хэдэн малыг нь чоноос хамгаалаад зогсож байдаг робот хүн бүтээхээр судалж байна.  Чоно элдэв, араатан, эсвэл  малын хулгайч ирэхэд дохиолол өгөх, хашгирч орилох юм.  Мөн настай хүн асардаг, хүүхэд хүмүүжүүлдэг гээд төрөл бүрийн робот хийх бүрэн боломж бий. Тайванууд бидэнд нэг санал ирүүлсэн.Муужирч унах гэж байгаа хүнийг урьдчилж мэдээлж болох юм билээ. Хүний ганхалтыг мэдэрч гар утас нь дохиолдог. Ар гэрийнхэн ч юмуу, эмнэлгийн байгууллагад тэр хүний байдлыг мэдээд урьдчилж мэдэгдэх юм.  Та уналаа шүү суугаарай ч гэдэг юмуу. Өвчтөнд дадчиктай, бүслүүр зүүлгэчихдэг  юм билээ. Бүслүүр нь судасны цохилт, даралтыг нь  хэмжиж мэдээлдэг. Ганхалтыг нь  хөлний ул хэсэгт  дадчик суурилуулдаг. Гишгэгдэл алдагдах, судасны цохилт ихсэх, саарах тохиолдолд өөрт нь болон гэр бүлийн ойр дотныхонд нь мэдээлэл утсаар нь дамжаад хүрдэг автоматжуулсан төхөөрмж хийсэн байна. Танайд нэвтрүүлж болох юм гэж санал дэвшүүлж байсан. Бид бол өөрсдөө хийх бүрэн боломжтой, хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн.  

-Оросын телевизээр “Үнэ” үү ток шоу гэж явдаг шүү дээ. Сандал дээр суулгаад  асуулт асуугаад энэ хариулт үнэн байна эсвэл худлаа байна гээд. Үүнийг бас сандал дээр нь ямар нэгэн зүйл суурилуулах уу?
-Хүнээс гарч байгаа бүх үйлдлээс дотоод сэтгэлийн мэдээллийг авч болдог гэж шинжлэх ухаанд нотолжээ. Зүрхний цохилт маш нарийн мэдээлэл өгдөг. Зүрхний цахилгаан бичлэгт анализ хийж болдог. Цагдаагийнхан ч байцаалтын үед  дадчик суурилуулаад асуулт асуухад үнэн, худал гэдэг мэдэгддэг шүү дээ. Сандал дээр тийм зүйл бий гэж нөгөө хүнд мэдэхгүй.  Дадчик суурилуулчихаад зүрхний бичлэгийг нь аваад байдаг. Худлаа ярьсан хүний зүрхний бичлэгийн хаана нь ямар өөрчлөлт гарсан нь тодорхой харагддаг.  Сэтгэл хөдлөл, худлаа ярих, баярлах, уйлах бүгд гардаг. Өөрөөр хэлбэл хүний тархинд юу бодогдож байна вэ тэр бүхэн цусаар дамжиж тэжээгдэж байгаа учраас мэдээлэл авч болох юм билээ. Хэд хэдэн төрлийн юм хийх сонирхолдоо хөтлөгдөөд судалж л байна. Тэр ч бүү хүний ярианы өнгө хүртэл өөрчлөгддөг. Дууны спекторыг задалж үзэж шинжилж болдог. Хүний дуугаар онош хийж болох нь гэдэг саналыг эрүүл мэндийн салбарт тавиад байгаа. Дуунд нь анализ хийж болох нь. Хүний ярианы спектор чинь 50 герцээс эхлээд 14, 15, 20 кило герцийн хооронд өөрчлөгдөж байдаг.Тодорхой хүчний үед харьцаа нь алдагддаг. 

-Цагдаагийнхан хэрэглэвэл ёстой хэрэгтэй эд байна даа?
-Оросоос бэлэн төхөөрөмж авах гээд ярьж байгаа юм гэсэн. Уг нь өөрснөө хийх ёстой л доо. Бидэнд боломж бий шүү дээ. Өөрсдийгөө их дорд үзэх юм. Дандаа гаднаас авбал илүү ажиллах юм шиг өрөөсгөл бодолтой улс байх юм даа.

-Нөгөө жижиг компьютерээ хэзээнээс үйлдвэрлэж хэрэглээнд оруулах вэ?
-Төслөө авчихлаа. Нэг их удахгүй хийнэ. Шинэ оны эхээр компьютерээ бэлэн болгоно. Захиалсан газар бүрт нийлүүлэх боломжтой. Дашрамд сонирхуулахад Тайваньд робот хамтлаг дуулж байна шүү дээ.Дан робот. Нот өгөнгүүт шууд хараад дуулах юм билээ. Жишээ нь Баясгалантай ч байдаг юмуу, Жавхлантай ч юмуу ижил дуулуулж болох юм билээ. Нот өгөөд хараад дуулж байна лээ. Билет авч орж үзсэн. Хүн харж чадах л  юм бол маш их хийх зүйл бидний өмнө байна шүү. 

-Робокон тэмцээн гээд МҮОНТ-ээр гардаг шүү дээ. Түүнийг харж байхад хөдөлж ядсан болхи юмнууд хийсэн байх юм билээ. Тийм удаан хөдөлгөөнтэй гэр цэвэрлэдэг робот байвал хэрэг алга?
-Тэр ч яах вэ доод шатны тэмцээн. Ингэж яв, тэгж яв гээд заачихсан өгөгдлөө дагаад явж байгаа юм.  Чөлөөт роботын тэмцээн биш шүү дээ. Чөлөөт роботын тэмцээн гадаадын улс орнуудад болдог юм. Тэр нь ёстой сонирхолтой. Хүний үйлдлийг хийгээд хүнд тус болдог роботууд зөндөө байна. Манай хийсэн процессорыг программчилж робот хийж болно. Зөвхөн наад захын жишээхэлэхэд яваандаа гар утсаар бүгдийг хийх боломжтой. Ганцхан энэ бүгдийг анх сэдэж гаргаад түрүүлж тавьсан нь шинэ бүтээл болоод явчихаж байгаа юм.  Одоо эрүүл мэндийн салбарт гар утсаар эрүүл мэндээ хянадаг, эмчийн хяналтад орох үйлчилгээ нэвтэрч байна. Яваандаа утас хүнд тусалдаг л нэг тийм хэрэглэгдэхүүн болох юм.  Товч дарах шаардлагагүй. Хэлээд яриад дамжуулдаг болно.