Мегатөсөл бол баялгийг бүтээгч, мөн баялгийг устгагч юм

 Мегатөсөл бол баялгийг бүтээгч, мөн баялгийг устгагч юм

М.Энхсайхан: Мегатөсөл бол баялгийг бүтээгч, мөн баялгийг устгагч юм


Монгол Улсын Ерөнхий сайд асан, Тавантолгой цахилгаан станц мега төслийн захирал М.Энхсайханы "Эрдэс баялагийн салбарын шинэ үеийн 20 жил" сэдэвт хэлэлцүүлэг-хуралд танилцуулсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 Мегатөсөл ба уул уурхай
 
Шинэ амьтан
 
Өнөөдөр хүмүүний ертөнцөд, эдийн засаг, нийгмийн амьдралд шинээр бий болж буй нэгэн шинэ төрлийн үзэгдлийн тухай ярья гэж бодсон юм. Мегатөсөл хэмээх шинэ амьтны тухай ярих гэсэн хэрэг.Манайд энэ талаар тун бага мэдэж, тун бага ярьж байгаа. Мегатөсөл гэдэг үгийг хэрэглэсэн анхны албаны хүн нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг байлаа. Төмөр зам, цахилгаан станц, зам, гүүр гээд томоохон төслүүдийг эхлүүлэх гэсэн эрмэлзэлдээ хөтлөгдөн ийм төслүүдийг мегатөсөл гэдэг юм байна шүү гэж билээ. Ерөнхий сайдын мөрөөдөл бидний монголчуудын мөрөөдөлтэй адилхан л байх. Мөрөөдөл болгон хэрэгждэггүй. Энэ бол амьдралын үнэн.

Чингис бондоор овоглосон бидний төслүүд амжилтанд хүрэх үү үгүй юу гэдэг улс төрчдийн, эдийн засагчдын санааг зовоосон асуудал юм. 

 
Зөвхөн Монгол биш, бүх дэлхийгээрээ Мегатөсөл хэмээх шинэ амьтныг  таньж мэдэхийг эрмэлзэж байна. 70, 80, 90-ээд онуудад дэлхийд мега хэмээх төслүүд төдийлөн их  байсангүй. 2004 оноос л мегатөсөл хүчээ авч байгаа юм байна. Цаашдаа Мегатөсөл асар нэмэгдэнэ. Улс төр, эдийн засгийн өнгө аясыг Мегатөсөл тодорхойлох юм байна. Мегатөсөл тойрсон үзэл суртал ч бий болох юм байна. 
 
Мегатөсөл хэмээх амьтан хөөрөл баясалыг тэвчдэггүй бололтой юм.  Мегатөслийг тойрсон Сэтгэлийн хөөрөл мегатөслийг амархан алдаг. Төсөл өөрөө гацаад зогсохгүй мөн олон хүнийг шууд болон шууд бус утгаар алдаг. Ийм жишээ дэлхийд захаасаа авхуулаад олон байна. Алдарт Панамын сувгийг Франц барьж эхлээд 12 жилийн дараа 22 мянган хүний амь насаар тоглоод төсөл нь дампуурсан байдаг. Түүнээс хойш арав гаруй жилийн дараа америкууд уг төслийг дахин сэргээж хэрэгжүүлж дуусгасан байдаг. 1881 онд барьж эхэлснээс нь тооцвол 1914 онд ашиглалтанд орох хүртлээ 32 жил болжээ.

 
 
Мега төсөл гэж юу вэ?
 
 
Өнөөдөр тэрбум доллараас илүү хөрөнгө оруулалт шаардсан төслийг Мегатөсөл гэж байна. Гэхдээ үнийн дүн тийм ч чухал үзүүлэлт биш юм. Гол нь төслийн байршил, дэд бүтцийн шийдэл шаардсан зэрэг олон хүндрэл бэрхшээл нь Мегатөслийг тодорхойлох гол хүчин зүйл болж байна. Мегатөсөл гэдэг нь эдийн засаг, нийгмийн амьдралд нөлөөлөх нөлөөллөөр том төсөл байдаг. 


 
 
  


                                                     Мегатөслийн парадокс
 
 
Мегатөсөл  цааш цаашдаа дэлхийн эдийн засгийн нүүр царайг тодорхойлох нь гарцаагүй. Мегатөсөл амжилттай болбол баялаг нэмэгдэнэ. Амжилтгүй болбол баялаг устана. Тийм ч учраас Мегатөсөл бол баялгийг бүтээгч мөн баялгийг устгагч юм. Харамсалтай нь одоохондоо  Мегатөсөл нь санхүүгийн капиталыг устгагч сүйрүүлэгч болчихоод байгаа юм байна. IPA Institute-ийн судалгаагаар дэлхийн 800 мегатөслийн зөвхөн гуравны нэг нь амжилтад хүрч, гуравны хоёр нь нурж унаж байна. 



 
 
 
Амжилттай гэж байгаа Мегатөслүүдэд дараахь шинж тэмдэг илэрдэг байна.
 
- Зардал нь төлөвлөснөөсөө хэтэрдэг нь бараг зүй тогтол байдаг ажээ.
- Зардал нь  50-100 хувь хэтрэх нь энүүхэнд гэж үзэж байна. 
- IPA Institute-ийн судалгаагаар зардал нь 25 хэтрэхэд ихэнх төсөл утгаа алддаг. 
  


  

 

 
o Суэцийн суваг 1900 хувь
o Сиднейгийн дуурийн театр 1400 хувь
o Конкорд нисэх онгоц 1100 хувиар зардлаа хэтрүүлсэн байдаг.
 
 
 
 
 
 
  





 
Өгөөж нь төлөвлөснөөсөө бага байдаг
 
 
- Франц, Английг холбосон далай доогуурх туннель 4,7 тэрбум фунт стерлингийн өртөгтэйгээр 1994 онд ашиглалтанд орсон. Орлого нь төлөвлөсөн хэмжээний 50 хувьд хүрээгүй.
 
 
 
 
 
  

 
 
 
 
 
 
- Денвэрийн нисэх буудал зардлаа 200 хувь хэтрүүлж 5 тэрбум долларын өртөгтэйгээр1995 онд ашиглалтанд орсон боловч орлого нь 50 хувьд хүрээгүй. 
 
 
Мегатөсөл тойрсон асуудлууд яагаад ийм сүйрлийн байдалтай байдгийн үндсэн шалтгааныг “хариуцлагын тогтолцоогүй” –тэй холбон тодорхойлж байгаа юм. 
 
  


 
Мегатөсөл ба Эрдэнэт, Оюу Толгой
 
 
Эрдэнэт болон Оюу Толгойг мегатөсөл хэмээх шинэ амьтны нүдээр харах хэрэгтэй байна. Эрдэнэт үйлдвэр богинохон хугацаанд чанартай хийгдсэн төсөлд зүй ёсоор хамрагдана. Оюу Толгой хурдан баригдсан, чанартай төсөл. Цаг хугацаа орон зайн хувьд энэ хоёр төсөл ялгаатай. Эрдэнэт ил уурхайд түшиглэсэн бол Оюу Толгой ил болон далд гол нь далд уурхайд түшиглэнэ. Оюу Толгой болон Эрдэнэтийн зэсийн баяжмалын үйлдвэр байгуулагдсан байршил, байгаль, экологи, дэд бүтцийн байдлыг харьцуулбал шууд утгаар тэмээ, ямаа л гэсэн үг. Цаг хугацааны хувьд тэнгэр газар л гэсэн үг. Гэвч нэг л юм үнэн. Хоёулаа асар үнэтэй төсөл. Мөнгөний утгаар ч тэр Монголд нөлөөлөх нөлөөллөөр ч тэр. Эрдэнэт, Оюу Толгой хоёулаа Мегатөсөл. 
 
Эрдэнэт үйлдвэр өгөөжөө өгч байгаа. Оюу Толгой төсөл бүрэн хүчин чадлаа аваагүй учир өгөөжийн тухай цэц булаацалдаж болохоор байгаа. Гэвч Мегатөсөл хэмээх амьтны нүдээр Оюу Толгой төслийг ажвал энэ төрлийн маргааны цаг нь аль хэзээ өнгөрсөн утгагүй болсон шиг байгаа юм. Төсөл урагш явах нь бидний монголчуудын тэргүүн зэргийн эрх ашиг юм. 
 
 
Мега төсөл ба эмзэг байдал
 
 
Мегатөсөл одоохондоо баялгийг устгагч байгаа тухай дээр хэлсэн билээ. Мегатөсөл олон Засгийн газрын амийг авч одвол гайхах зүйл лав алга. Мегатөсөл улс төрийг үндсээр нь эргүүлэх хүчин зүйл гэвэл цочихоор зүйл бас биш. Асуудлын гол нь мегатөслийг амжилтад хүргэх эсэхээс олон зүйл хамаарна. Мегатөсөл үндэсний аюулгүй байдлыг ч эмзэгхэн болгож байгаа тухай жишээг ярьж болох юм.
 
Өмнөд хөршид хөх мөрөн дээр Гурван хавцлын далан хэмээх агуу том Мегатөсөл хэрэгжиж байгаа. Энэ далан байгалийн болон цэрэг дайны шалтгаанаар эвдэж сүйрвэл Хятад улсад нөхөж баршгүй хохирол учирах нь тодорхой байгаа юм. Улс нь хичнээн чадалтай том байгаад ч  Аварга Мегатөсөл эмзэг байдлыг нэмэгдүүлдэгийн жишээ болгож үүнийг ярьж байна. Түүнтэй нэгэн адил зөвхөн ганц нэг төслөөс бүхэл бүтэн орон хараат байдалд орох явдал байгаа. Оюу Толгой төсөл Монголын хувьд зугатахын аргагүй төсөл нэгэнт болсон. Шинэ нөхцөлд шинэ стратеги, шинэ арга ажиллагаа хэрэгтэй. Үүнийг ойлгохын тулд Мегатөсөл хэмээх амьтан судлал чухал боллоо. 
 
Мегатөсөл ба  “34 хувь”, эрсдэл даах чадварын ялгаа
 
 
 Монголд томоохон төсөл яригдахаар манай улс төрчид 34 хувийг нь манайх эзэмшье гэж амархан хэлдэг. Оюу Толгойтой гэрээ хийх дээр ийм байсан. Одоо ч иймэрхүү л байгаа.  Бил Гейтс казинод ороод (энэ хүн ийм юм хийхгүй нь ойлгомжтой) 100 000 ам. доллараа алдвал хүмүүс азгүй л байна гэнэ. Харин үр хүүхдээ, байшингаа, машинаа өрөнд тавиад нэгэн сайн эр Дорж 100 000 ам. доллараа казинод алдвал хүмүүс тэнэг мангараар нь дуудах нь гарцаагүй.   Үүнийг эрсдэл даах ялгаа гэдэг. Бидний 34 хувийг өмчлөх хүсэл  эрсдлээ бодоогүй азаа үзэх, казинодох ядуу   зан үйлээс үүдэлтэй. Мегатөсөл бол гуравны нэг нь хождог, гуравны хоёр нь алддаг нэг төрлийн казино гэвэл зохистой. Казинодох сэтгэлгээний Хамгийн сүүлийн жишээ Арева.
 
Ингэхдээ төсөл дампуурвал Монгол өрөнд орно гэж хэзээ ч боддоггүй. Харамсалтай нь мегатөслийн гуравны хоёр нь дампуурдаг. Мегатөсөл санхүүгийн капиталыг устгагчаасаа капиталыг бүтээгч болоход цаг хугацаа хэрэгтэй байгаа. Энэ цаг үед эрсдлээ хөрөнгө оруулагчид бүрэн үүрүүлэх нь зөв зүйтэй байгаа юм. 
 
 
 
 
Гадаадын шууд хөрөнгө оруулалт ямар ч нөхцөлд Чингис бондоос илүү гэдгийг ойлгох хэрэгтэй болж байна. Энгийн хэрнээ энэ математик гаргалгааг анхаарах хэрэгтэй байна. 
 
 
 
  

 
 
 
 

 
Мегатөсөл ба Анхаарах зарим асуудлууд
 
1. Мегатөсөл мөн чанараараа төр, хувийн хэвшлийн байхаас өөр замгүй. Зөвхөн хувийн хөрөнгө оруулалттай мегатөсөл ч төрийн оролцоотой байж гэмээн амжилтанд хүрэх бололцоотой. Иймээс Төр болон хувийн хэвшлийн хоорондын итгэлцэл хамтын ажиллагаа, зохицуулалт нэн чухал.
 
2. Мегатөсөл мөн чанараараа олон түмний эрх ашгийг урт хугацаанд хамгаалахтай холбоотой байдаг тул ил тод байх, тунгалагийн зарчим тэргүүн зэргийн ач холбогдолтой. 
 
3. Мегатөслийг  эхнээсээс нь  эцсийг нь хүртэл бодсон, төлөвлөсөн байх ёстой юм. Суурь судалгаа бүрэн хангалттай байхаас гадна шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Энэ асуудлаа дутуу дулимаг шийдсэн аливаа мегатөсөл дампуурах магадлалтай. 
 
4. Мегатөсөл эсвэл амжилтанд хүрнэ. Эсвэл шил мэт хагарна. Энэ бол энэ амьтны онцлог. 
 
5. Төслийг хүн хийдэг, байгууллага хийддэггүй. 
 
6. Мегатөсөл олон сонирхлын огтолцол дээр байдаг, олон сонирхогч талуудтай тул сайн хэлцэл төслийг амжилтад хүргэнэ. Төсөл хэлцлийг залах биш хэлцэл төслийг чирнэ.
  
7. Нарийн асуудлыг нь дараа шийдье гэдэг хандлага Мегатөслийг булшилна.
 
Мегатөсөл гэдэг шинэ ойлголтыг хамгийн энгийнээр улс төрчид, шийдвэр гаргагчид болон энэ асуудалд холбоотой байгууллага, хүмүүст хүргэх үүднээс энэхүү лекцийг бэлтгэв. Чингис бондоор овоглосон олон төслүүдийн амжилт  Мегатөслийн ухаанд хэрхэн нэвтрэхээс хамаарах болно.