Kakao, Daum нар нэгджээ

 Өмнөд Солонгосын мобайл мессенжэр аппликэшн Kakaotalk-ын эзэмшигч Какао компани, тус улсын хоёр дахь том портал сайт Daum.net-тэй нэгджээ.

Сонирхолтой нь Какао компани энэ ондоо багтаж IPO хийхээр бэлдэж үнэлгээ нь 2 тэрбум доллар хүрээд байсан юм.

Ёнхап агентлагийн мэдээлснээр компаниуд харилцан хувьцаагаа солилцох замаар нэгдэж байгаа ба Kakao-гийн үнэлгээг 2.9 тэрбум доллараар тогтсон гэжээ. Гэхдээ тоог албан ёсны сурвалжууд батлаагүй байна.

Ингэж нэгдсэнээр шинэ “Daum Kakao” компани нь KOSDAQ биржийн жагсаалтанд хоёрт бичигдэх том компани болох юм байна.

Нэгдэх явц энэ оны 10 сарын нэгнийг хүртэл үргэлжлэх гэнэ.

Kakaotalk мессенжэр нь дэлхий даяар 140 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй. Гол зах зээл нь Өмнөд Солонгос ба нийт ухаалаг утасных нь 90 хувьд суурилагдсан байдаг аж.

Түүний өрсөлдөгчид болох Японы Line (400 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй), Хятадын WeChat (390 сая идэвхтэй хэрэглэгчтэй) нар гадаад зах зээлд гарах гэж эрчтэй сурталчилж байгаа бол Kakaotalk төдийлөн зүтгэл гаргадаггүй, өөрийн төрөлх зах зээлдээ төвлөрдөг билээ.

Хэдий тийм ч тэдний орлого хангалттай том. Өнгөрсөн санхүүгийн жилд Kakao нь 203 сая долларын ашигтай ажиллажээ.

Тэд гадагшаа тэлэхийн оронд дараачийн том бизнес болох тоглоомд илүү анхаарч байгаа бололтой. Одоогоор Өмнөд Солонгосын Google Play store дахь топ 10 тоглоомын 9 нь энэ компанийх юм.