“Microsoft” болон “Salesforce”-ийн маргаан эцэс болж магадгүй

 “Microsoft” корпораци болон “Salesforce.com” компани клауд орчинд тохирсон, бизнесийн програм хангамжуудаа хоорондоо уялдаатай ажилладаг болгох гэж байна. Ингэснээр “Salesforce”-ийн үйлчлүүлэгчийн менежментийн програмуудыг “Microsoft”-ийн Windows үйлдлийн систем болон ийм системтэй ухаалаг гар утас мөн Office 365 онлайн платформд ашиглах боломжтой болох аж. Одоогоор хамтын ажиллагааны хэлцлийг бүрэн задруулаагүй байгаа ч “Salesforce”-ийн хувьд “Microsoft”-ийн мэдээллийн сан болон Azure клауд үйлчилгээг ашиглах боломжтой болжээ. Үүний үр дүнд удаан хугацаанд зөрчилтэй байсан хоёр компанийн маргаан эцэс болж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Эргэн сануулахад, 2010 онд “Microsoft” корпораци “Salesforce”-ийг хууль бусаар патент ашигласан гэж шүүхэд дуудаж байсан. Шүүхийн маргааныг шийдвэрлэсний дараа “Microsoft” корпораци “Salesforce”-ийн эсрэг “Don’t Get Forced” буюу “Бүү Хүчлүүл” уриатай сурталчилгааны аяныг зохион байгуулж байсан юм.