“Могул Сонор” смарт гар утас олны хүртээл боллоо

 
“Могул Сонор” смарт гар утас олны хүртээл боллоо

Монгол Улсад анх удаа өөрийн гэсэн брэнд компьютер, нөүтбүүк зэргийг гаргаж бид өөрсдөө хийж чаддаг гэдгийг харуулж чадсан IT ZONE компани энэ удаагийн ICT Expo үзэсгэлэнд яахын аргагүй онцгойрч байсан юм. Энэ удаад ч тэд гар хоосонгүй цоо шинэ бүтээгдэхүүнээ анхлан хэрэглэгчид олондоо танилцуулсан. Ингээд тус компаний Борлуулалтын албаны дарга А.Адъяатай ярилцлаа.

-Найм дахь жилдээ болсон ICT Expo үзэсгэлэнд танай байгууллага хэд дэхь жилдээ оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байгаа вэ?

-Бид ер нь жил алгасахгүй энэхүү үзэсгэлэнд маш том ач холбогдол өгч оролцдог.

-Өөрийн чинь хувьд энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог ямар болсон гэж харж байна вэ?

-Энэ жилийн үзэсгэлэнд байгууллагын хэрэглээний шийдлийг санал болгодог байгууллагууд илүү түлхүү оролцсон байна. Нөгөө талаасаа үүрэн телефоны байгууллагууд оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан харагдсан. Мөн төрийн байгууллагууд ухаалаг төр гэдэгт шилжиж буй учир өөрсдийн үйл ажиллагааг ил тод танилцуулж технологийн шинэ шинэ үйлчилгээг нэвтрүүлж буйгаа танилцуулж байгаа нь их онцлогтой болсон болов уу.

-Энэ удаад танай байгууллага ямар шинэлэг бүтээгдэхүүн технологийн дэвшилтийг танилцуулсан бэ?

-Манай байгууллага үндсэн хоёр чиглэлээр энэхүү үзэсгэлэнд оролцсон. Үүнд Могул брэнд болон “HP Enterprise Solutions Group”-тэй хамтран хамгийн сүүлийн үеийн сэрвэрүүдийг танилцуулсан. Энэ нь дараагийн үеийн сэрвэрүүд буюу Solution 8, мэдээлэл дата хадгалах 3PAR зэргийг үзэсгэлэнд танилцуулсан байгаа. Харин “Могул” брэндийн хувьд компьютер, нөүтбүүк, телевиз зэргийг гаргаж зэх зээлд нийлүүлж борлуулагдаж байгаа. Сүүлийн үеийн технологийн чиг хандлага хүний хэрэгцээнд таблет, нөүтбүүк тэр бүр хэрэгцээг хангаад байж чадахгүй байгаа учир ултра бүүк гарч шинэ шийдэл болж байгаа. Ултра бүүк гэдэг нь сүүлийн үеийн чиг хандлага нь таблет дангаараа хэрэглээг орлож чадахгүй харин нөүтбүүк нь хэт том байгаад байгаа юм. Тэгэхээр энэ хоёрын дундах таблет ч юм шиг нөүтбүүк ч юм шиг хөнгөн байхаар төхөөрөмж хэрэгтэй байсан тул дэлхийн чиг хандлага ултра бүүк гэдэг зүйлийг гарах болсон. Энэ нь CD рамгүй, эргэдэг хаард диск байхгүй, SSD хаардтай болсон байх жишээтэй.Тиймээс дэлхийн чиг хандлагад ултра бүүк илүүтэй олны таашаалд нийцэж байгаа учир бид энэ бүгдээс хоцрохгүйн тулд Могул брэнд өөрийн ултра бүүкийг гаргасан. Энэхүү шинэ бүтээгдэхүүнээ анхлан ICT Expо-д танилцуулагдсан. Мөн бид энэ удаагийн үзэсгэлэнд анх удаа монгол хүний ур ухаан шингэсэн Могул брэндийн “Могул Сонор” смарт гар утсаа танилцуулсан.

-Зах зээлд гараад удаагүй байгаа Могул ултра бүүкийн давуу тал онцлогын талаар танилцуулна уу та?

-Яагаад энэ ултра бүүкрүү хөгжлөө чиглүүлээд байгаа юм бэ гэхээр технологийн салбарт компьютер, нөүтбүүк гэсэн хоёр сонголттой байсан. Жилээс жилд PC буюу ширээний компьютер хэрэглээнээс гарах чиг хандлага давамгайлж байна. Ширээний ард байрлах овор хэмжээтэй компьютерийг албан байгууллага хэрэглэж байгаа. Харин оюутан залуучууд, менежерүүд, хөдөлгөөнтэй ажил хийдэг хүмүүст нөүтбүүк хүнд байдаг. Цахилгаан зарцуулалт ихтэй, авч явахад хүнд байх жишээтэй. Харин ултра бүүкийн хувьд SSD хаардтай, дэлгэц нь илүү чанартай, нимгэн, батерей багасаад илүү чанартай илүү хөнгөхөн авч явахад авсаархан болж байгаа юм. Жингээрээ таблеттэй ойролцоо болчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүн таблет барьж явснаас ултра бүүкээ барьж явах нь илүү хялбар амар болж байгаа юм. Таблетад тусдаа товчлуур байхгүй учир ажлаа хийхэд тийм ч тохирожтой биш. Манай байгууллагын гаргаж байгаа энэхүү ултра бүүкийн давуу тал нь үнэ хямд. Яагаад хямд бэ гэхээр бид SSD хаард хэрэглээгүй харин M Setup буюу сүүлийн үеийн технологийн эргэдэг хаардны дэвшилтэт технологиор хийсэн. Энэ хаард нь илүү нимгэн, хөнгөн болж чадсан. Үнийн дүнгээрээ SSD хаардаас хамаагүй хямдхан. Үүгээрээ Могул брэндийн ултра бүүк нь 1 сая төгрөгт багтан борлуулагдаж байгаа юм. Гэтэл өнөөдөр энэ төрлийн бүтээгдэхүүн 2 саяас дээш төгрөгийн үнэтэйгээр борлуулагддаг. 

-Монгол хүний ур ухаан шингэсэн “Могул Сонор” гар утсыг яагаад хийх болов. Энэ утасны онцлог нь юунд байна вэ?

-Бид хэтэрхий гадаадын брэндэд дарагдаад байна л даа. Дэлхий даяарчлагдаж буй энэ үед технологийн шийдлүүд хурдацтай хөгжиж буй хэрээр хүний хэрэглээ ч илүү смарт болж байна. Хүн бүр өртөг өндөртэй смарт гар утсыг худалдан авч тэр бүр хэрэглэж чадахгүй байгаа. Эсвэл манайхан хүний өмнө нь хэрэглэж байсан хэзээ эвдрэх нь тодорхойгүй, баталгаагүй гар утсыг дундаж үнээр худалдан авч хэрэглэж байх жишээтэй. Мөн хөдөө орон нутгийн хэрэглэгчид, арван жилийн сурагчид тэр бүр смарт гар утас худалдан авч хэрэглэх боломж хомс байгаа учир бид хамгийн хямд үнээр өөрсдийн хийсэн смарт гар утсыг санал болгож байгаа юм.

-Энэхүү смарт утас ямар үнээр борлуулагдаж байгаа бэ?

-149 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа. Манай дэлгүүр болон хамтран ажилладаг сүлжээ дэлгүүр, байгууллагууд болон үүрэн телефоны оператор компаниудаар худалдаалагдаж байна.

-Уг “Могул Сонор” смарт гар утасны давуу тал нь юунд оршиж байна вэ?

-Бид ер нь товчлууртай утсыг халах зорилготой байгаа. Түүнээс бид дэлхийд тэргүүлэгч Samsung, IPhone, HTC зэрэг брэндүүдийн смарт утастай өрсөлдөхөд хямд үнээр гаргаж байгаа энэ утсаар өрсөлдөж чадахгүй. Өнөөдөр хэрэглэгчдийн ихэнх нь товчлууртай утаснаас татгалзаж чадахгүйгээс болж смарт хэрэглээ, дата хэрэглээ, мэдээллийн технологийн даяарчлал гэдгийг хүртэж чадахгүй шударга бус байна гэсэн үг. Нөгөө талаасаа үнэтэй утас худалдаж чадахгүйгээсээ болж мэдээллийн эрх чөлөөгөө боогдуулж буй хэрэг юм. Иймээс бид тэр бүх хэрэгцээг хангаж чадахуйц 149 мянган төгрөгийн боломжийн үнэтэй утас санал болгож буйгаараа хамгийн их онцлогтой болж байна. Хэрэглэгчдэд маань Facebook орж, и-мэйлээ шалгаж, YouTube орж видео үзэж , интернет орж хайлт хиймээр байдаг тул нөгөө товчлууртай утас энэ бүх хэрэгцээг хангаж чадахгүй. Тэгэхээр бидний санал болгож буй уг смарт гар утас Android үйлдэлийн системтэй 4.1, 4.2 гэсэн үйлдлийн системтэй байгаа. Магадгүй тухайн хүн илүү гоё зураг авч, илүү нягтрал ихтэй дүрс хармаар байвал үнэтэй брэндийн утсаа сонгож болно. Харин өдөр тутмын дата хэрэглээгээ авахыг хүсвэл манай энэхүү смарт утас зуун хувь таны хэрэгцээг хангах юм.

-Энэхүү смарт утасны бүхий л программ өөрийн эх хэл дээр гарах бололцоо хэзээ бүрдэх боломжтой вэ?

-Энэ тал дээр бид байнга ажиллаж туршиж байгаа. Цаг хугацааны асуудал. Ойрын ирээдүйд бүтэх болно. Бид одоогоор Могул аппликэйшн хөгжүүлж байна. Энэ нь юу гэхээр Android үйлдэлийн систем дээр хөгжүүлэлт хийж олон төрлийн программ зохиож байгаа хүмүүс нөгөө аппликэйшнээ хаана тавих уу гэдэг асуудал байдаг. Тэгэхээр аль утасны брэндийнApp store  дээр тавих уу гэдэг асуудал тулгардаг гэсэн үг. Тэгвэл манай Могул Аpp store дээр тавиад тухайн өөрийн хийсэн шинэлэг программын бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрдэж байгаа юм. Энэ нь нэг талаараа программ хөгжүүлэгчдийг бид дэмжиж ажиллаж буй. Тэгэхээр энэ утсан дээр энэхүү Могул аппликэйшн суулгагдсан байгаа нь маш том боломж гэж бид үзэж байгаа.