“Citimine”-аар байршил тогтоох боломжтой

 “Citimine”-аар байршил тогтоох боломжтой

Жил бүр уламжлал болгон зохиогддог  ICT Expo үзэсгэлэнд нэгэн цоо шинэ программ олны анхаарлыг ихэд татаж байсан юм. Энэхүү программыг зохиож буй “INext” ХХК-ийн ажилтан Г.Гантүшигтэй ярилцлаа.

-Энэ удаагийн үзэсгэлэнд танайх ямар бүтээгдэхүүнээр оролцсон бэ?

-Бид энэ удаагийн үзэсгэлэнд хоёр шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан. Манай байгууллага бол программ хангамжийн компани тул JAVA дээр үндэслэн сэрвэр дээр болон гар утасны программуудыг зохиодог байгууллага юм. Энэ удаад бид IPhone  брэндийн утсан дээр суурилсан “Citimine” гэдэг программыг танилууллаа. Мөн сүүлийн үед NB Ded систем гэж их яригдаж хэрэглээнд нэвтрэх болсон. Иймээс бид энэхүү системийг нэвтрүүлэхийн тулд албан ёсоор Arduino гэдэг шинэ электроник бүтээгдэхүүнийг оруулж ирж танилцуулсан байгаа.

-Энэхүү гар утасны программ нь ямар ач холбогдолтой юм болоо?

-Уг Citimine программыг монголын Twitter-тэй төстэй гэж хэлж болно. Эхлээд энэхүү программд бүртгүүлээд найзуудыгаа дагаад, дагасан найзуудынхаа мэдээллийг цаг тутамд авах боломжтой. Мөн энэ программд AVENUE гэсэн хэсэг байгаа. Уг хэсэгт бүх төрлийн бизнес, үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл багтсан байгаа. Байгууллагууд бүртгүүлээд орох боломжтой. Гэхдээ бид одоогоор өөрсдийнхөө шугамаар бүхий л байгууллагын мэдээлэлийг оруулсан байгаа. Ингээд уг AVENUE хэсэгт бүртгүүлсний дараагаар CONNECT хэсэг байгаа. Энэ хэсэг нь өөрийн байгаа байршлаасаа 2км дотор байрлах бүх үйлчилгээний байгууллагуудын байршлыг тогтоож тэдний нарийн мэдээллийг авах бүрэн боломжтой. Мөн тухайн байгууллагын үйлчилгээний талаар сэтгэгдэл үлдээж захиалга, онлайн худалдаа явуулах боломж бүрдэх давуу талтай. Үүний дараа CONNECT NOW гэдэг хэсэг байгаа. Энэ нь тусгай авсаархан төхөөрөмжөөр ийн байгууллага дэлгүүрдээрээ суулган байгууллага дэлгүүрт яг одоо үйлчлүүлж буй үйлчлүүлэгчидтэйгээ шууд харилцаа тогтооно. Мөн бонус карт, харилцагч үйлчлүүлэгчдийн хөнгөлөлт, урамшууллын карт гэх зэрэг үйлчилгээг ухаалаг гар утастай хэрэглэгч болгонд шууд хүргэнэ. Гол нь энэхүү программ нь танд аль байшинд ямар ямар байгууллага, ямар үйлчилгээ үзүүлдэг зэргийг таниулж мэдүүлэх давуу талтай. Тухайлбал та гадаа явж байхад байгууллагын ил хаяг тэр бүр байхгүй улмаас тухайн үйлчилгээний байгууллагын байршлыг олж чадахгүй байх хүндрэл гардаг. Тэгэхээр энэхүү программын тусламжтайгаар хаана ч явсан ямар байгууллага, үйлчилгээний газар байгааг мэдэж мэдээлэл авах бүрэн боломжтой юм.

-Хэрэв байгууллагууд энэхүү программд мэдээлэлээ байршуулж бүртгүүлэхийн тулд төлбөр төлөх үү?

-Эхний байдлаар байгууллагын байршил хаана байгаа нь бол үнэгүй байна. Харин цааш дэлгэрэнгүй мэдээлэл, байгууллагатай холбогдох нь бол төлбөртэй байх болно.

-Хэдэн төгрөгийн төлбөртэй байх бэ?

-Нэг жилийн 10 мянган төгрөг. Нэг жил манай байршил дээр байрлаад таван удаа мэдээ, мэдээллээ оруулах боломжтой. Олон бүтээгдэхүүн танилцуулах хүсэлтэй бол нэмж авах бүрэн боломжтой.

-Дээр дурьдсан шинэ Arduino гэдэг бүтээгдэхүүний онцлог давуу талын талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Энэ Adruino гэдэг нь италиас гаралтай Open hardware хөдөлгөөний хамгийн том төлөөлөл юм. Энгийнээр тайлбарлахад банкны картын хэмжээтэй маш жижиг компьютер бөгөөд хүрээлэн буй орчинтойгоо мэдрэгч электрон сенсор, гэрэл, моторын тусламжтайгаар холбогддог. Урьд нь танд хийж боломжгүй санагдаж байсан электрон механик зүйл хэрэгслүүдийг өөрийн гараар бүтээх боломжийг бий болгож байгаа юм. Жишээ нь та хөшиг дээрээ энэхүү бүтээгдэхүүнийг залгахад өглөө болохоор автоматаар хөшиг нээгдэх зэрэг боломжтой гэсэн үг юм. Adruino-г дэлхийн олон орны зохион бүтээгч, электроник сонирхогчид өргөнөөр хэрэглэдэг.