Багаж хэрэгслийн лаборатори нь Canon-ны үндэс байжээ

 "Canon" бол Японд төвтэй дэлхийн олон улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон корпораци билээ. Гол бүтээгдэхүүнүүд нь камер, фото аппарат, хувилагч болон компьютер, принтер зэргийг нэрлэж болно. Гол төв нь Япон улсын Токио хотод байрладаг.1937 онд Японы Токио хотод Precision Optical Instruments Laboratory буюу оптикийн нарийн багаж хэрэгслийн лаборатори байгуулагдсан бөгөөд энэ нь өнөөгийн агуу "Canon"-ны үндэс суурь болжээ. 1930-1934 оны үед Японд анх удаагаа 35 мм-ийн хальсан дээр ажилладаг Kwanon хэмээх нэртэй аппарат гарсан байна. Энэ бол одоогийн бидний барьдаг аппараттай төстэй загвартай анхны загвар байлаа. Тухайн үед Япон улсад эдийн засаг тийм ч сайн байгаагүй бөгөөд Японы хамгийн нэр хүндтэй дээд сургуулийг төгссөн хүн хамгийн өндөр цалинтай ажилд орлоо гэхэд л сард 70 иенээс илүү авдаггүй байсан гэхэд анхны загварын нэг болох Leica камер нь 420 иений үнэтэй байсан гэхээр ямар үнэтэй гарч байсан нь тодорхой байгаа биз ээ.Ийм өндөр үнэтэй аппарат нь үйлдвэрлэгчдэдээ ашиг орлого төдийлөн оруулж чадахгүй нь тодорхой байсан тул Гора Ёшида хэмээх нөхөр Leica-r бүрэн задалж доторх эд ангиудыг судалж байгаад Leica Model II хэмээх загварыг бүтээжээ. Yoshida бол Хирошима хотод төрж өссөн бөгөөд дунд сургуулиа дүүргээд кино зургийн аппарат хэрэгслийг угсрах, засдаг ажил эрхэлдэг жижигхэн компанид дадлагажигчаар ажиллаж байсан гэдэг. 1920-оод оны сүүлээр буюу Ёшида 20 нас хүрэх үед тэрээр Шанхай хот руу хэд хэдэн удаа аялсан байна. Хятадаас сайн чанарын сэлбэг хэрэгсэл авах ажлаар явдаг байсан гэж тэрээр хүүрнэсэн юм. Ийнхүү байтал тэрээр Шанхай хотод Америкийн жуулчин Рое И Делатай тааралдаж хууч хөөрсөн нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлж өнөөгийн Canon-ны эхлэл болжээ. Уг Америк хүн Ёшидад дараахь утгатай үгийг хэлсэн байна....Чи энд ирж аппаратын хэрэгсэл авдаг нь сонин л юм. Танай улс хичнээн сайн далайн хөлөг онгоц, байлдааны нисэх онгоц үйлдвэрлэдэг билээ дээ. Япончууд тийм сайн байлдааны онгоц хийдэг нь үнэн л юм бол танайхан фото аппаратын хэрэгслийг ядах юмгүй үйлдвэрлэж таарна...Энэ үгийг олон хоног бодсоны эцэст Хятадаас эд анги авдаг явдал үндсээрээ буруу болохыг ойлгож мэдсэн төдийгүй бүгдийг эх орондоо үйлдвэрлэхээр шийдсэн байна. Тэрээр нь төрөлхийн юм бүтээх, зохиох онцгой авьяастай байсан тул эд ангиудыг өөрөө зохион үйлдвэрлэж эхлэхэд тийм ч хэцүү байсангүй.Тухайн үед тэд өөрсдийн уриагаа дараахь маягаар тодорхойлдог байжээ.Хамгийн шилдэг шумбагч хөлөг онгоц бол IgoХамгийн шилдэг агаарын онгоц бол Model 92Хамгийн шилдэг аппарат бол KwanonЭд бүгд дэлхийн хамгийн шилдэг байх ёстойИнгээд 1934 онд Kwanon аппарат бүтээсэн түүхтэй.Kwanon гэдэг нь буддын шашны нэгэн Дарь эхийн нэр юм байна. Уг аппаратын лого нь Kwanon бурхны мянган гарыг дүрсэлсэн байдаг бөгөөд линзийг нь Kasyapa гэсэн нь бурхны шавь Маhakasyapa гэсэн нэрнээс гаралтай ажээ. Гэвч эдгээр Kwanon загварууд зах зээлд төдийлөн амжилт олж чадаагүй бөгөөд анхны гэдэг утгаараа олон бэрхшээлтэй тулгарсан нь гарцаагүй. Уг лаборатори нь Hansa Canon нэртэй болоод илүү олон ажилтнууд хөлслөн аппарат үйлдвэрлэж эхэлсэн боловч гайхуулаад байхаар амжилт байсангүй.Сард ердөө 10-хан аппарат үйлдвэрлэж байсан нь хамгийн их тоо байв. Бүгд нийлээд долоо хоногт ганцыг л гаргадаг гэсэн үг л дээ. Гэвч эдгээр лаборатори нь Японд анхны 35 мм-ийн Rangefinder аппарат үйлдвэрлэсэн гэсэн гавъяаг насан туршдаа үүрэх болсон юм. Шинэ загвар гаргаснаар Hansa гэдэг брэнд нэр алга болж оронд нь Canon гэдэг нэр үзэгдэх болсноор алдарт Canon брэндийн эхлэл тавигджээ. Гэвч компани санхүүгийн хувьд хэцүү байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Дундаж цалин Японд 40-50 иен байсан бол уг компани ажилтнууддаа дөнгөж 20 иен өгч байсан. Гэхдээ зарагдсан загвар болгоноос 5 иенийг худалдсан ажилтанд шагнал маягаар олгодог байжээ. Тухайн үед аппарат нь хувь хүнд хэтэрхий үнэтэй байсан учир камерын зах зээл өчүүхэн бага байсан юм. Иймээс Омияа хэмээх эзэн нь худалдааны өвөрмөц бодлого боловсруулсан нь дэлгүүрээр борлуулах биш худалдан авах чадвар бүхий хувь хүмүүсийг онилох болжээ. Ингэснээр борлуулалтаа нэлээд хэмжээгээр нэмэгдүүлсэн байна. Ингээд 35 мм-ийн өндөр зэрэглэлийн аппаратын борлуулалт нэмэгдэж байсан боловч япон эрс маань сэтгэл ханасангүй. Европын зах зээлийг онилж эхэлсэн нь тухайн үедээ бүтэшгүй даалгавар мэт байлаа. Ингээд Английн фото зурагчдын сэтгүүлд 1938 оны 3-р сард Hansa Canon хэмээх нэг нүүр сурталчилгааны материал хэвлэгдэн гарсан юм. 1940 онд шууд биш Х-туяаны аппарат гарсан нь Япондоо анх удаагаа байлаа. Ер нь энэ үед Япончууд технологи, эдийн засаг гэх мэт ихэнх үзүүлэлтээр Европ, Америкаас хол хоцорч байсан гэдгийг дуулгах хэрэгтэй. 1947 онд компани нэрээ Canon Camera Co.,Inc болгож өөрчлөв. Япон компаниуд эхэндээ хэл хугалмаар хэцүү нэртэй байснаа олон улсад бүтээгдэхүүнээ борлуулж эхэлдэг болонгуутаа тохиромжтой нэртэй болдог аж. Нэрээ сольсноос гадна төв оффисоо Шимомаруко руу нүүлгэжээ. Тухайн үед Европ болоод гаднынхнаас аппаратыг сонирхон хэрэглэдэг хүмүүс нэлээд болсон бөгөөд тэд нэг гомдлыг байнга тавьдаг байв. Canon нь камер үйлдвэрлэдэг бол Serenar нь линз, Percision Optical Industry нь эдгээр бүтээгдэхүүнүүдийн эд ангийг үйлдвэрлэдэг гэх мэтээр үнэндээ нэг л их олон брэнд бий болчихоод учир нь олдохгүй байлаа. Мэдээж эхэн үедээ нэр сонголтон дээр бөөн маргаан үүсэж компани болгон л өөрийн нэрийг хавчуулахыг хичээж байсан боловч, олон улсад тохиромжтой гэдэг утгаар нь Canon дээр тогтжээ. Үүнээс хойш дахин нэрээ солиогүй бөгөөд Canon нэрийн дор байнга үйл ажиллагаа явуулж өнөөг хүрснийг та бид бэлхнээ мэдэх билээ. Нөгөө линз хийдэг Serenar маань 1953 онд Canon болсон гэнэ.1950 он гэхэд Canon-ны аппаратууд нэлээд чанартай олон улсад ч нэр хүндтэй болоод байв. Нэрээ Canon болгосноос гурван жилийн дараа Америкт бүр том сүлжээ үүсгэх хэрэгтэй байгааг ойлгов. Энэ үүднээс Canon-ны ерөнхийлөгч Америк явж тухайн үеийн том сүлжээ болох Bell and Howell компанитай уулзсан гэдэг. Энэ бол Америктаа маш нэр хүндтэй бөгөөд чанартай 8 мм-16 мм-ийн cinecamera болон проектор борлуулдаг сүлжээ байсан юм.Харамсалтай нь Bell and Howell Япон эрийн хүсэлтийг хүлээж авсангүй. Тэд Япончуудын хийсэн аппаратыг үзээд маш чанартай сайн эд болохыг нь мэдсэн байна. Татгалзах болсон гол шалтгаан нь уг аппаратыг Японд үйлдвэрлэсэн, бас зарим эд ангиудыг нь модоор хийсэн тул галд шатах аюултай гэж үзжээ. Ийнхүү худалдаалах ажил олигтой болоогүй ч явсан нохой яс зуудгийн үлгэрийг ноён Митари баталж чадсан юм. Тэрээр гэрээ байгуулж чадаагүй ч дэлхий фото аппарат, камерын хөгжил, зах зээлийн өсөлт хөгжилтийн талаар маш их мэдээлэл олж авч чадсан нь тэдний цаашдын ирээдүйд маш сайнаар нөлөөлсөн юм. Бас тухайн үед галын аюул бодитой заналхийлж байсан. Ихэнх байшин барилга модоор хийгдсэн байсан тул галд бүх зүйлээ алдах явдал түгээмэл байв. Иймд өндөр шаардлагатай компаниуд галаас үргэлж айж байсан юм. Ингээд Япон эр огт анзаардаггүй байсан галын аюулыг бодитоор мэдэрсэн нь энэ л дээ. Ингээд Япондоо ирээд галын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан шинэ үйлдвэрийн байрыг худалдаж авч оффисоо мөн нүүлгэсэн байна.Он цагийн дараалал Шинэ байраа маш сайхан хурц өнгөөр будаж хэлтэс болгонд өөр өөр өнгө хуваарилж өгсөн нь ажилтнуудын сэтгэл санаанд шууд нөлөөлсөн гэдэг. Ингээд л Canon дэлхий хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь тэр.1958-Телевизийн камерт зориулсан алсыг татах хүчин чадалтай линз үйлдвэрлэгдэв.1959-Дэлхийд анх удаагаа татдаг линз бүхий Camcorder бүтээв. Энэ бол камер гэсэн үг. Reflex Zoom 8 гэсэн нэртэй.1964-Компанийн нэр дахин өөрчлөгдөж камер гэдэг үгээ авч хаян зүгээр л Canon Inc болов.1967-Компани үүсэж хөгжсөний 30 дахь жилийн ой болов. Энэ баярынхаа үеэр Нью-Йорк хотоос дараахь утгатай захиаг ерөнхийлөгч Митари хүлээн авчээ.Хэрвээ бид цаашдаа компаниа аварга том болгож хөгжүүлье гэвэл камер болон аппаратаа баруун гартаа атгаж, зүүн гартаа бизнесийн техник хэрэгсэл, оптикийн төхөөрөмжүүдийг барих шаардлагатай. Эдгээр чиглэлүүдээ 2 гараасаа огт алдахгүй атгаж дэлхийн лидер болох хэрэгтэй. Аль алиных нь экспортыг хөгжүүлж мөнгийг цутгатал олж болох юм.Ингэж л Америкаас ирсэн зөвлөмжийн дагуу алдарт Canon фирмийн суурь тунхаглал, уриа, амьдрах нөхцөл, дотоод философи бүрэлдэн тогтжээ. Үүнээс хойш Canon яг дээрх үгийн дагуу явж байгааг дэлхий даяараа мэдэх биз ээ.Дан аппаратын үйлдвэрлэл эрхэлж байсан Canon ашиг орлогоо баттай болгох үүднээс 1960-аад оны үеэс эхлэн электрон тооны машин болоод хувилагч машины үйлдвэрлэлд орсон гэдэг юм. Тэгээд ч эдгээр бизнесүүдээ маш урт хугацаанд хөгжүүлэхээр бизнес төлөвлөгөөндөө тусгаж байжээ. Гайхалтай нь яг тэдний тооцоолсны дагуу тусгай зориулалттай оптик төхөөрөмжүүдийн хэрэглээ, худалдан авалт эрс нэмэгдсэн юм.Энэ мэтээс үүдэн Canon Camera гэдэг үг тохирохгүй болж ганц Canon гэдэг үгийг брэндээрээ сонгосон байна. Энэ үед Canon нь Light and Electrons, Connection to the Future гэсэн үгийг сурталчилгаандаа хэрэглэдэг байв. Монголчилбол Ирээдүй рүү хүрэх Харилцаа Холбоо, Электрон, Гэрэл гэж ойлгож болно.

Эх сурвалж: Business times