Монголын мэргэжилтнүүдийг дэлхийн тавцанд гаргахыг зорьж байна

Micromine” компанийн Монгол дахь менежер Ц.Төгөлдөртэй ярилцлаа.

Танай компани уул уурхайн салбарт ажилладаг олон улсын нэр хүнд бүхий компани гэдгийг олон хүн мэднэ. Компанийнхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулаач?

“Майкромайн” компани 1986 онд Баруун Австралид байгуулагдсан. Уул уурхай, геологи хайгуул консалтингийн болон мэргэжлийн программ хангамж боловсруулах чиглэлээр ажилладаг олон улсын компани юм. Монголд 2005 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголд ажиллаж буй уул уурхайн салбарын 60 гаруй компанитай хамран ажиллаж байна. Монголд явуулж буй бидний үйл ажиллагааны гол онцлог нь дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлж буй олон улсын стандарт, шилдэг программ хангамжуудыг Монголын уул уурхайн компаниудад үр өгөөжтэй нэвтрүүлэхийг зорьж байгаа юм.
Бид энэ хугацаанд 28 консалтингийн төсөл гүйцэтгэсэн ба бүгд олон улсын стандартаар нөөцийн үнэлгээ болон хөндлөнгийн шинжээчийн тайлан хийгдэж, олон улсын хөрөнгийн биржүүд дээр хувьцаа гаргах боломж нь нээгдсэн.
Эдгээр ажлуудыг бид монгол мэргэжилтэнгүүдтэй хамтран гүйцэтгэх бодлого баримталж, үүгээрээ дамжуулан тэдэнд олон улсын стандартаар ажиллах туршлага мэдлэгийг олгохыг зорьдог. Энэ ажлын хүрээнд Ашигт малтмалын газар, Геологи, уул уурхайн сургуулиудтай хамтран ажиллаж байна.  

Тэгэхээр олон улсын стандартыг Монголдоо суурьшуулах, нэвтрүүлэх эхлэлийг тавьж байна гэж ойлгож болох уу?

Тийм. Манай компани консалтинг, программ хангамжийн тал дээр түлхүү ажилладаг болохоор энэ асуудалтай шууд нүүр тулгардаг. Гаднаас хөрөнгө оруулалт татаад уул уурхайг хөгжүүлэхэд хамгийн гол нь хүний хөгжил, чадварлаг мэргэжилтэн чухал. Үүнтэй холбогдуулаад бид жил болгон харилцагчдынхаа дунд сургалт семинаруудыг зохион байгуулж байна. Бид зүгээр шилдэг программ гээд зарахаасаа илүү тэр программыг эзэмших, түүн дээр ажиллаж сурах бололцоо нөхцөлийг нь бүрдүүлж өгөхийг чухалчилдаг. Жишээ нь шалгарсан шилдэг мэргэжилтнүүдийг Австрали улсад гүнзгийрүүлсэн сургалтад хамруулдаг. АМГ-тай хамтын ажиллагааны хүрээнд жил болгон Австралид мэргэжилтнүүдийг явуулж сургадаг. Цаашдаа энэ сургалтаа өргөн хүрээг хамруулахаар төлөвлөж байгаа.

Уул уурхайн зөвлөгөө авахад манайхан заавал гадагшаа явж, гадны компани урьж авчрах шаардлагатай гэж ойлгодог. Тэгвэл Монголдоо олон улсын нэр хүнд бүхий компанид хандах боломжтой юм байна тийм үү?

Тийм боломжтой. Монголын ямар нэг компани төслөө гадаадынханд танилцуулах хөрөнгө оруулалт татахад яах аргагүй өөрсдийнх нь мэргэжилтнүүд байх шаардлагатай болдог. Бид ч үүнд нь туслахыг зорьдог.
Манай компанид JORC-ын хороо буюу олон улсын нөөцийн хорооны жинхэнэ гишүүн олон байдаг болохоор тухайн стандартын дагуу шаардлага хангасан Монголын геологичдыг тус хорооны гишүүнд нэр дэвшүүлэх боломжтой байдаг. Энэ чиглэлээр манайхтай холбоо бариад нэрээ дэвшүүлээд явж байгаа геологичид байгаа.
Манай мэргэжилтнүүд мэдлэг чадварын хувьд гадаадынханд гологдоод байдаггүй. Хамгийн гол нь геологичдоо олон улсын тавцанд ажиллуулах тэр боломжийг л олгож өгөх хэрэгтэй. Бид ч энэ тал дээр геологичдоо аль болох дэмжиж ажиллахыг эрмэлзэж байна.

Консалтингаас гадна программ хангамжийн үйлчилгээ эрхэлдэг гэсэн. Энэ талаараа?


Манай компани уул уурхайн салбарт 4 үндсэн чиглэлээр программ хангамж нийлүүлдэг ба эдгээр программ нь геологи хайгуул, уул уурхайн ажлын бүх үе шатыг хамарч ажилладгаараа онцлогтой. Нэгдүгээрт дата баазын чиглэлд GBIS буюу хайгуулын бүх мэдээллийг нэгдсэн дата баазад оруулж, боловсруулах систем.Хоёрдугаарт МICROMINE хайгуул, геологи, уул уурхайн программ хангамж. Үүнээс гадна хайгуул дуусаад үйлдвэрлэлийн үе шатанд орохоор PITRAM - уурхайн үйлдвэрлэлийн хяналтын систем, DOME - уурхайн удирдлагын хяналтын систем гэсэн 4 багц программ байдаг.

Манай харилцагчдын 70 гаруй хувь нь геологи,  уул уурхайн компани. Урьд нь хайгуулын компани олон байсан бол одоо төслүүд нь хэрэгжээд, үнэлэгдээд бодит төсөл болж байна. Түүнтэй холбоотойгоор манай бүтээгдэхүүнүүд их хэрэглэгдэж эрэлт нь нэмэгдэж байна. 5 жилийн өмнө уул уурхайн программ хангамжийг борлуулж эхэлж байхад энэ талаарх ойлголт төдийлөн их биш байсан бол сүүлийн үед үүнийг мэргэжлийн үүднээс их ач холбогдолтой гэдгийг ойлгож эхэлж байна. Өнгөц харахад зүгээр нэг программ гэсэн ойлголт яваад байгаа ч цаанаа танай төсөл өргөжиж хөгжихийн хэрээр ач холбогдол, үр өгөөж нь тэлдэг онцгой бүтээгдэхүүн л дээ.

Программ хангамж гэдэг тухайн төслийн мэдээллийн гол цөм   болдог байх нь?

Уул уурхайн эрсдэл өндөртэй салбарт программ хангамж их чухал байдаг. Урьд нь программ хангамж гэхээр л геологи хайгуулын өгөгдлүүдийг оруулаад 3 хэмжээстээр хардаг программ гэж ойлгодог байсан бол сүүлийн үед мэргэжлийн үүднээс датабааз боловсруулалт хийдэг программ, уурхайг хянаж удирддаг программ гэж байдгийг ойлгож хүлээж авах нь нэмэгдэж байна. 
Энгийн жишээ дурдахад хөрөнгө оруулалт татах үндэс суурь болсон олон улсын стандартад хүрсэн техникийн тайлан репортыг боловсруулахад зайлшгүй программ хангамж хэрэглэдэг. Бүх уул уурхайн төслүүд нь хайгуулын шатнаасаа үйлдвэрлэл, түүний хяналт удирдлага хүртэл программ хангамжийн тусламжтай л хийгдэж байна.  

Уул уурхайн программ сонирхож байгаа компаниудад та юу хэлэх вэ?


Хайгуулаасаа авахуулаад төслөө цаашид яаж хэрэгжүүлэх вэ гэдгээс хамаараад ямар программ хэрэглэхээ сонгох хэрэгтэй. Хэрэв та хайгуулаас үйлдвэрлэл хүртэл явахаар шийдэж байгаа бол сонгож авсан программ чинь бүх үе шатыг хамарсан цогц байх хэрэгтэй. Энэ нь нэгдүгээрт юм.
Хоёрдугаарт, функц олон байх нь чухал биш хэн танд уг программыг үр өгөөжтэй хүргэж чадах вэ гэдгийг харах нь чухал. Сургалт, техникийн туслалцаа, зөвлөгөө, консалтинг гэх мэт.


"Mining Journal"