Хулгайн програм ашигласаар байх уу? 2010.10.12 4453 Та өдөр бүр оюуны өмчийн хулгайг дэмжиж, үүнд оролцож байдгаа мэдэх үү? Яг одоо таны ашиглаж байгаа Windows, ажил хэргээ явуулахдаа ашигладаг Office, зураг засварлахад ашигладаг Photoshop, вирусын эсрэг гээд бүх програм оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан бөгөөд ашиглах лиценз нь тус бүр хэдэн зуунгаас мянга мянган долларын үнэтэй байдаг. Харин бид үүнийг огт үнэгүй эсвэл хэн нэгэнд төлдөг 2000 төгрөг гэж бодсоор, өөрөө ч мэдэлгүй оюуны өмчийн хулгайг дэмжсээр. Гэхдээ бид хэдий болтол ингэж явах вэ?Оюуны хулгайч эсвэл дэмжигч байхгүйн тулд бид тухайн програмын үнийг төлөх эсвэл огт ашиглахгүй байх хэрэгтэй. Програмын үнийн хувьд буурай орнуудад зориулж жижигрүүлсэн хувилбарын хямдарсан үнэ ч шаггүй өндөр. Ер нь хэзээ нэгэн цагт биднээс ашиглаж байгаа, ашигласан програмуудын маань лицензийн төлбөрийг төлөхийг шаардвал бид юугаараа төлөх вэ? Тэгэхээр бид бараг л програм ашиглахгүй байсан нь дээр болж таарах нь. Энэ тохиолдолд компьютерууд маань “амьгүй төмөр” болж хувирна. Монголчууд бид мэдээллийн технологи гэхээр тоног төхөөрөмжид анхаарч програм хангамжийг ерөнхийд нь орхигдуулсаар ирсэн нь хачирхалтай.Гэвч нөгөө талд чөлөөт, нээлттэй програм хангамж гээч зүйл програм хангамж үүссэн цагаас эхлэн байсаар ирсэн. Нээлттэй програмыг олон мянган хүмүүс сайн дурын үндсэн дээр хөгжүүлдэг бөгөөд танд үнэ төлбөргүй ашиглах, засварлаж өөрчлөх эрхийг бидэнд өгдөг. Мөн Windows, Office, Photoshop гээд програмуудыг орлох програмууд ч бий. Хамгийн гол нь эдгээр програмыг ашиглах нь хэн нэгний оюуны өмчийг хулгайлахгүй, хууль зөрчихгүй. Дээрээс нь эдгээр програмыг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх боломжтой. Заримыг нь бүр эх хэлээрээ ашиглаж болно.Програм хангамж үйлдвэрлэгчид өөрийн зохиогчийн эрхийг хамгаалах нэрээр бидний олон эрхийг хязгаарлаж байдаг. Нээлттэй програмууд харин таны эрхийг дээдэлдэг. Таны эрхийг таниулах, нээлттэй програм хангамжийн давуу талыг олон нийтэд сурталчлах зорилгоор “Програм хангамжийн эрх чөлөөний өдөр”-ийг 2010 оны 9-р сарын 18-ны өдөр буюу бямба гарагийн 12.00 цагаас Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын Нийтийн Номын санд зохион байгуулах гэж байна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.limnux.net/sfd2010 хуудаснаас үзнэ үү.