Стив Жобсын ”iPhone 4S” асуултад хариулдаг болжээ
Стив Жобс нас барахын өмнөх өдөр “Apple” компани “iPhone” гар утасны шинэ загварыг албан ёсоор танилцуулсан юм.
Энэхүү
загварыг “iPhone 5” гэж нэрлэнэ хэмээн хэвлэлүүдэд бичиж байсан ч
“iPhone 4” гар утасны дараагийн загвар нь “iPhone 4S” нэртэйгээр
худалдаанд гарахаар болов. Үүрэн телефоны GSM, CDMA сүлжээний аль,
алиныг нь дэмжих боломжтой болсон нь “iPhone 4S”-ийн олон давуу талын
нэг нь юм.
Гаднах загварын хувьд “iPhone 4”-өөс ялгагдах зүйлгүй.
“Apple” компанийн хувьд зөвхөн хар болон цагаан гэх хоёр сонгодог
өнгийг санал болгож байна. Өмнөх загвар болох “iPhone 4”-ийн жин 137
грамм байсан бол “iPhone 4S” 140 грамм жинтэй.
Хард диск буюу
дотоод санах ойн багтаамж нь 16GB, 32GB, 64GB гэх гурван төрлийнх.
Дүүрэн цэнэгтэй үед ярианы горимд 3G сүлжээнд найман цаг, 2G сүлжээнд 14
цаг ярих боломжтой. Интернэт ашиглахыг хүссэн тохиолдолд 3G сүлжээнд
зургаан цаг, утасгүй интернэтийн сүлжээнд есөн цаг ашиглаж болохоос
гадна энэхүү шинэ загварын утсыг ашиглан тасралтгүй 10 цаг бичлэг үзэх,
40 цаг дуу сонсож болох юм. “iPhone 4S” нь А5 чиптэй болсон. Энэхүү хоёр
цөм бүхий чип нь өмнөх загварын гар утастай харьцуулахад хүчин чадлыг
нь хоёр дахин, хурдыг нь долоо дахин нэмэгдүүлжээ. Гэхдээ 4G утасны
өргөн сүлжээ болох LTE-г суурилуулаагүй нь “iPhone 4S”-ын цорын ганц сул
тал байж болох юм. Уг нь “Apple”-ийн гол өрсөлдөгчид болох “Самсунг”,
“Моторола”, “HTC” бүгд мэдрэгчтэй дэлгэц бүхий гар утаснуудаа 4G
сүлжээтэй болгож, 4.3 инчийн дэлгэц бүхий илүү хямд сонголтыг зах зээлд
гаргаад байсан. Гэхдээ тэдгээр андройд үйлдлийн систем бүхий гар утасны
аль нь ч “iPhone 4S”-ийн олон шинэлэг, давуу талыг гүйцэж, гаргаж
чадаагүй нь харагдаж байна. Хэдийгээр 4G сүлжээгүй боловч “iPhone 4S”
14.4 Mbps хурдыг хүлээн авах боломжтой болж, сүлжээний технологио
сайжруулжээ. “iPhone 4S” загвар “Retina” дэлгэцтэй. Үүний ачаар гар
утсан дээрээс үзэж, харж байгаа бүх зүйлс маш тод хурц өнгө, дүрстэй
болсон байна.
“iPhone 4S” гар утасны камерын дүрсийн нягтрал нь
найман мегапиксел. Энэ нь “iPhone 4”-ийн камераас пикселийн хувьд 60
хувиар илүү болжээ. Үүний ачаар зураг авахад хөдөлгөөн бүдгэрэх нь
багасч, өнгөний нарийвчлал, тохиргоо, арын гэрэл мэдрэгчийнх нь чанар
эрс сайжирсан байна. “iPhone 4”-тэй харьцуулахад камер суурилсан нүх нь
илүү өргөн болж, линзийг нь нэгээр нэмсний ачаар ийнхүү хүчин чадал нь
сайжирчээ. Гар утсан дээрх зургаа засвар хийдэг тусгай программын
тусламжгүйгээр шууд янзалж, тайрах, эргүүлэх, зургийнхаа чанарыг бүхэлд
нь сайжруулах, нүдний улааныг арилгах зэрэг үйлдэл хийх боломжтой
болсон. “iPhone 4S” гар утас нь 1080p HD хэмжээтэй бичлэг хийж, дүрсийг
автоматаар тогтворжуулдаг.
“iPhone 4S”-ийн нэгэн шинэ онцлог нь
“ухаалаг туслагч” хэмээн нэрлэгдээд байгаа “Siri” юм. Гар утсаа хэрэглэх
үед дуу хоолойгоо ашиглах боломжийг энэхүү “Siri” функц олгожээ. Өөрөөр
хэлбэл, “iPhone 4S”-ийн хэрэглэгч гар утастайгаа яг л хүнтэй харьцаж
байгаа юм шиг ярьж, хэрэглэгчийн хэлсэн өгүүлбэрийг “Siri” бүрэн төгс
ойлгож, зааврыг нь биелүүлэх аж. Энэхүү функцын ачаар дуудлага хийх,
мессеж явуулах, уулзалт төлөвлөх зэрэг олон үйлдлийг хялбархан гүйцэтгэж
болох давуу талтай. Мөн явах зам, чиглэлийг олж, цагийн хуваарь гаргах
зэргийг ч гүйцэтгэдэг юм байна. “Apple” компанийн төлөөлөгчид “iPhone
4S”-ийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх үедээ “Зүгээр л асуу.
“Siri” танд хариулна” хэмээн шинэ функцыг тайлбарлаж байв. Хэрэв
хэрэглэгч гар утаснаасаа “Би гарахдаа шүхэр авах хэрэгтэй юу?” хэмээн
асуувал “Siri” цаг агаарын мэдээ авахыг хүсч байгааг нь тэр даруй
ойлгож, тохирсон хариултыг өгнө. “Siri” бол мэдрэгчтэй гар утасны ертөнц
дэх нэгэн шинэ хувьсгалын эхлэл болж чадсан тухай олон улсын хэвлэлүүд
бичиж байна. Гэхдээ одоогийн байдлаар “Siri” нь бета хэлбэртэй байгаа.
Өөрөөр хэлбэл, эцсийн хувилбараар гараагүй байгаа гэсэн үг. Тэгэхээр
одоо байгаагаасаа илүү сайжирна гэдэг нь ойлгомжтой.
Мэдээж
хэрэг, “iPhone” гар утасны гол онцлог болох “IOS” үйлдлийн системтэй.
Энэ удаагийн “IOS 5” нь “iPhone”-оос гадна “iPad”, “iPod touch”
төхөөрөмжид зориулагдан бүтээгдсэн учраас ойролцоогоор 200 гаруй функцэд
суурилсан. Тухайлбал, “Notification Center”, “Twitter”, “Photos”,
“Reminders”, “Safari” гэх мэт.
“iPhone 4S” гар утас нь үнийн
хувьд 16GB нь 199 ам.доллар, 32GB нь 299 ам.доллар, 64GB нь 399
ам.доллар. Харин өнөөдрийн байдлаар 8GB багтаамж бүхий санах ойтой
“iPhone 4” гар утас 99 ам.доллараар борлогдож байгаа билээ. “iPhone
4S”-ийн урьдчилсан захиалгыг өнгөрсөн баасан гаригаас авч эхэлжээ. Харин
АНУ-ын дэлгүүрүүдэд энэ сарын 14-нөөс тавигдаж, албан ёсоор худалдаанд
гарах юм байна. “Fortune report”-оос гаргасан мэдээлэлд дурьдсанаар
“iPhone 4S” захиалга авч эхэлснээс хойш ердөө 12 цагийн дотор 200 мянган
хувь борлогджээ. Энэхүү үзүүлэлтээр “iPhone”-ийн өмнөх загваруудаас хол
давсан байна.
Ямартай ч компьютер, бичил ертөнцийн суутан Стив
Жобс “Apple”-ийн хэрэглэгчдэд том бэлэг үлдээгээд оджээ. Яг л олон
жилийн турш буддын шашин шүтсэн Стив Жобс “iPhone 4S” загвар болон дахин
мэндэлж байна уу гэлтэй. Гэхдээ түүний үлдээсэн өв үүгээр дуусахгүй
бололтой. Английн “Daily Mail сонинд мэдээлснээр Стив Жобс амьд сэрүүн
байхдаа “Apple” компаниас ойрын дөрвөн жилд гаргах “iPhone”, “iPad”,
“iPod”, “MacBook”-ийн шинэ загваруудыг тодорхойлчихоод байсан аж.