Стив Жобсын төлөө надад iPhone 4S өгөөч
Техник,
технологийн салбарын нэгэн онцлох үйл явдал өнгөрөгч долоо хоногт
тохиов. Үргэлж шинийг эрэлхийлэгч, технологийн суутан гэгдэх Стив Жобс
таалал төгссөнөөс хойш 12 хоногийн дараа “Apple” компани ээлжит шинэ
бүтээлээ худалдаанд гаргасан юм. Цахиуран хөндийн домог болон мөнхөрсөн
Стив Жобс хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч түүний бүтээн босгосон
“Apple” гэх гүрэн оршин тогтносоор байх болно. Үнэхээр л техник
технологи, кибер салбарт цахиур хагалан гарч ирсэн Жобсын үхэл
“Apple”-ийн нэр хүндийг бүр ч өсгөж, компанийн хувьцааны үнийг 20 гаруй
хувиар нэмэгдүүлээд байгаа iPhone 4S-ийн борлуулалтад ч эергээр
нөлөөлөв.
АНУ-ын мужуудаар болон Европ, Азийн цөөн хэдэн оронд
өнгөрөгч баасан гаригаас эхлэн худалдаанд гарсан iPhone 4S смартфоныг
худалдан авахыг хүссэн хүмүүс тус компанийн нэрийн барааны дэлгүүрийн
үүдийг нэлээн удаан сахижээ. Урьдчилсан захиалгаар 24 цагийн дотор л нэг
сая гаруй хэрэглэгчдийг татаж чадсан “Apple”-ын шинэ бүтээлийг заавал
энэ өдөр биш, хэдийд ч гартаа атгах боломжтой ч цаг заваа зөвхөн үүнд л
зориулж, дэлгүүрийн үүдийг сахиж хонох тийм хүсэл эрмэлзэл төрүүлж
чаддаг нь “Apple”-ын давуу тал. Дугаарлан зогсох олон зууны хүний дунд
Стив Жобстой мөр зэрэгцэн ажиллаж, “Apple” компанийг байгуулалцаж явсан
Стив Возняк хүртэл байсан гэнэ. Калифорнийн Цахиуран хөндийд Стив Возняк
дэлгүүрийн өмнө буйдан сандал дээр суугаад, iPhone 4S авах мөчөө хүлээж
суув. Гартаа iPad барьж, Diet Dt.Pepper ууж суух тэрбээр бусадтай
зургаа авахуулж, “Би утастайгаа ярилцдаг болохыг тэсэн ядан хүлээж
сууна” хэмээсэн гэнэ.
Тэсрэлт
хийж чаддаг тэдний бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэдэг, худалдан авдаг,
хүлээж суудаг хүмүүсийг хэдийнэ “Apple”-ын фенүүд гэж нэрлэх болжээ.
Нью-Йоркт гэхэд л “Apple”-ын фенүүд Стив Жобсын гэгээн дурсгалыг
хүндэтгэж, цэцэг, түүх өгүүлэх гэрэл зургууд, iPad-ын хайрцаг, алим
зэргээр “овоо” босгожээ. Харин Атлантад iPhone 4S-ийн анхны
хэрэглэгчдийн нэг болох хүслээр дугаарлаж зогссон хүмүүс Стив Жобсын
төлөө ийнхүү зогсч буйгаа ч нуулгүй ярьж байсан гэнэ. iPhone 4S худалдан
авах гэсэн шалтгаанаа Атлантагийн нэгэн залуу Стив Жобсын үхэлтэй
холбон тайлбарлажээ. Тэрбээр “Би угаасаа авна гэж бодож байсан. Харин
Стив Жобс нас барсан нь миний хувьд бүр ч ихээр нөлөөлсөн. Учир нь
түүний ажиллаж байсан сүүлийн бүтээл нь энэ шүү дээ. Компани цаашид
түүний хэмнэлийг алдалгүй ажиллана гэдэгт итгэж байна” хэмээсэн байна.

Илүү
хурдан процессортой, таны хэлсэн үг, асуусан асуултад хариулт өгч,
тантай ярилцах “дижитал туслах” бүхий шинэ iPhone-ийг худалдан авахаар
Нью-Йоркийн гудамжин дахь “Apple”-ын дэлгүүрийн өмнө өглөө үүрээс эхлэн
200 гаруй хүн дугаарлажээ. Зөвхөн Нью-Йорк, зөвхөн Америк гэлтгүй Ази,
Европт ч мөн адил “Apple”-ын фенүүд дугаарласаар. “Apple” компанийн
зүгээс аравдугаар сарын 4-нд “iPhone-ийн талаар ярилцъя” хэмээх арга
хэмжээ зохион байгуулж, мобайл зах зээлд хувьсгал хийж чадсан iPhone-ын
тав дахь үеийн хувилбарыг олон нийтэд танилцуулсан юм. Анхандаа багагүй
шүүмжлэлд өртөж, шинэ бүтээгдэхүүн гэхээс илүү iPhone 4-өөс төдий л
өөрцгүй гэгдэж байсан юм. Хэдийгээр гадаад үзэмжийн хувьд “ахтайгаа”
бараг л адил боловч үзүүлэлтийн хувьд шинэ төвшинд хүрч чаджээ. Хос цөмт
А5 чиптэй, сайжруулсан 8,0 мегапиксель камертай, “Siri” хэмээн нэрлэсэн
дижитал туслах зэрэг нь цоо шинэ зүйлс. Ялангуяа “Siri” бол тун ч
шинэлэг эд. Таны хэлсэн үгийг ухаалгаар хүлээн авч, танд тохирох
хариултыг өгч, танд тусална. Хэрэгтэй зөвлөгөө ч өгнө. Товчхондоо та
хувийн туслахаа халааслаад явж байна гэсэн үг. “Би согтчихжээ” гэж
хэлэхэд хариуд нь “Siri” “Та өөрөө машинаа жолоодох хэрэггүй шүү. Ойр
хавьд тань маш олон такси байна” гэж хариулах жишээтэй.
iPhone
4S худалдан авах гэсэн хүмүүсийн олонх нь “Siri”-г сонирхож байгаа.
Өглөөний 04.45 цагаас эхлэн дэлгүүрийн үүдэнд дугаарласан 41 настай
сувилагч бүсгүй “Надад тэр хувийн туслах маш их таалагдаж байгаа” гэсэн
байна. Өөр нэгэн залуу мөн л “Siri”-г магтжээ. “Надад Siri маш их
таалагдсан. Сурталчилгааны үеэр дэлгүүрт түүнтэй ярилцсан. Жолоо барих
үед их хэрэгтэй юм шиг санагдсан. Жолооны ард сууж байхдаа дуудлагад
хариу өгөхийн тулд жолоогоо тавих шаардлагагүй. Siri-д хэлэхэд л
хангалттай. Цаг зав ч хэмнэнэ” гэжээ. “Apple” компанийн ерөнхий
гүйцэтгэх захирал Тим Күүк аравдугаар сарын 4-нд буюу Стив Жобсын үхлээс
нэг хоногийн өмнө iPhone 4S-ийг дэлхий нийтэд танилцуулсан. Урьдчилсан
захиалга 7-ноос эхэлсэн бөгөөд компанийн төлөвлөгөө төдийгүй зах зээлийн
шинжээчдийн таамгийг давуулж, компанийн вэбсайт болон iPhone 4S-ийг
албан ёсоор худалдаалах AT&T, Verizon болон Sprint компанийн
вэбсайтаар эхний 24 цагийн дотор нэг сая гаруй захиалга авсан билээ.
Өмнө нь 2010 онд iPhone 4-ийн урьдчилсан захиалга эхлэхэд 24 цагийн
дотор 600 мянган хувь захиалга авч байсан юм. Гэхдээ тухайн үед зөвхөн
АНУ-д биш дэлхийн хэмжээнд захиалга авч байлаа.
iPhone
4S албан ёсоор аравдугаар сарын 14-ний баасан гаригт АНУ-ын хэмжээнд
“Apple” компанийн бүх 245 салбараар худалдаалагдаж эхэлсэн. Мөн
Австрали, Канад, Франц, Герман, Япон болон Их Британийн зах зээлд
нэвтэрчээ. Цаашид энэ сарын сүүлчээс эхлэн дээр дурдсанаас гадна өөр 22
улсад худалдаалагдаж эхлэх юм. “Apple”-ын дэлгүүрүүд баасан гаригийн
өглөө 08.00 цагт үүдээ нээсэн байлаа. Онлайн захиалгыг “Apple” компанийн
онлайн дэлгүүрээс гадна үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч AT&T,
Verizon болон Sprint компанийн вэбсайтаар захиалж авч болно. Гэхдээ
одоогоор бүх захиалга дууссан гэсэн. “Apple”-ын сайтаар орж захиалах
боломжтой ч хэдэн долоо хоног хүлээх шаардлагатай юм байна. АНУ-ын
хэрэглэгчид дээр дурдсан оператор компаниудаас худалдан авах тохиолдолд
24 сарын гэрээ байгуулснаар 16GB хувилбарыг 199, 32GB-ыг 299, харин
64GB багтаамжтай хувилбарыг 399 ам.доллар төлж авах боломжтой. Гэхдээ
гэрээний дагуу 24 сарын хугацаанд сар бүр тодорхой хэмжээний мөнгө
төлнө. Харин “Apple” компанитай гэрээтэй ажилладаг Radio Shack, Best
Buy, Target болон Sam’s Club гэсэн дэлгүүрүүдээс шууд худалдан авах
боломжтой бөгөөд эдгээр дэлгүүрт худалдах үнэ одоогоор тодорхойгүй
байгаа ч 16GB багтаамжтай iPhone 4S 800 орчим ам.долларын үнэтэй байх
талаар хэвлэлүүд бичиж байна.