АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба /NSA/-тай холбоотой бас нэгэн дуулиан дэгдлээ. Энэ удаад АНУ-ын тагнуулын тусгай алба олон нийтийн сайт “Google”, “Yahoo”-гийн гадаад серверүүдийг хакердаж, олон сая мэдээлэл хулгайлсан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ тухай АНУ-ын тагнуулын тусгай албаны экс ажилтан Эдюард Сноудений мэдээлэлд тулгуурлан “Washington Post” сонинд нийтэлжээ. Энд мэдээлснээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба болон Засгийн газрын харилцаа холбооны удирдлага нь “Yahoo”, “Google”-ийн сүлжээнээс өдөрт хэдэн саяар мэдээлэл хуулж авдаг байсан гэнэ.
Харин үүнийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны дарга армийн генерал Кейт Александр үгүйсгэсэн мэдэгдэл хийжээ. Гэхдээ тэрээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба “Google”, “Yahoo”-г хакердаж байгаагүй ч Холбооны мөрдөх товчоо /FBI/, шүүхийн шийдвэрээр террористуудтай тэмцэх ажилд хуулийн дагуу хамтарч байсан гэж мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Европын холбооны төлөөлөгчид тагнуулын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар уулзалт хийхээр АНУ-д хүрэлцэн ирээд байгаа гэнэ. Тэдний зүгээс Цагаан ордоны тандаж туршсан хэргийн эсрэг хоорондын худалдаа, наймааны төслүүдэд хориг тавихаар сүрдүүлж байгаа аж.