”Силикон Хаус”-ын нээлт 2014.5.8 2902 Өнгөрсөн 2013 оны 11 сараас хойш тус паркад томоохон бүтээн байгуулалт өрнөсний үр дүнд “Силикон Хаус” буюу АНУ-ыг мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийд тэсрэлт хийхэд хүргэсэн “Silicon Valley”-гийн жижигрүүлсэн хувилбарыг барьж байгуулах ажлыг амжилттай дуусган өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа ёслол төгөлдөр хийлээ. Монголын мэдээллийн технологийн салбарт шинэ зах зээл бий болгон хөгжүүлэх зорилгоор “Силикон Хаус”-ын бүрэлдэхүүнд Эмбеддэд систем хөгжүүлэлтийн лаборатори, Компьютерийн вишн лаборатори гэсэн 2 лабораторийг монголд анх удаа байгуулж байгаа төдийгүй Мэдээллийн технологийн мэргэшлийн сургалтын төв, Мэдээллийн технологийн төрөлжсөн номын санг шинээр ашиглалтанд оруулж байгаагаараа онцлог, цоо шинэ цогц бүтээн байгуулалт болж байгаа юм байна. Мэдлэгт суурилсан үсрэнгүй хөгжлийн тулгуур болсон мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч байгаагийн нэг тод илрэл нь “Силикон Хаус” төсөл боллоо. Төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Ерөнхий сайдын дэргэдэх Мэдээллийн технологийн зөвлөл байнга хамтран ажиллаж, бүхий л талаар дэмжин тусалж байсныг МТҮП-ын Ерөнхий захирал доктор Ц.Түвшинтөр онцлон тэмдэглэж байлаа.