Breaking News

Ц.Элбэгдорж: Монгол Улсад инженерийн шинэ эрин үе эхэллээ

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн амралтын өдөр Налайх дүүрэг дэх Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн хичээлийн байрны өмнө мод тарьсныхаа дараа тус сургуультай танилцав. Ашигт малтмал, технологийн их сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын санаачлагаар байгуулж, анхны хичээлийн жилдээ оюутан сургаж байгаа юм.

Тус сургуулийг байгуулах баримт бичгийг анх 2011 онд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийг Монголд айлчлахад үзэглэж байсан бол өдгөө ажил хэрэг болж хичээлийн байр, дотуур байр, үйлчилгээний төвтэй сургалтын том төв байгуулагджээ. Ингэснээр өмнө нь ХБНГУ-д оюутан сургаж эзэмшүүлдэг байсан инженер, техникийн мэргэжлийг Монголдоо сургаж, сайн технологи, сайн мэргэжлийг Монголдоо  нэвтрүүлэх гүүртэй болсон байна. Канцлерын айлчлалын үеэр мөн Монгол-Герман хоёр улс ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж байсныг дурдаж байв.

Дэлхийн хамгийн шилдэг 100 их сургуульд оюутан сургадаг, түүний эхний 20-д элсвэл тэтгэлэг өгдөг болсон. Энэ жил эхний 20-д 100 оюутан тэнцсэн байна.

 

Ерөнхийлөгч химийн лабораторийг үзэж сонирхох үеэрээ “Монголын хамгийн том баялаг бол хүрэн нүүрс юм. Үүнийг түүхийгээр  нь гадагш зөөж гаргахад сайн үнэ хүрдэггүй. Зөвхөн коксжсон нүүрс авна гэдэг. Хүрэн нүүрсээ дотооддоо боловсруулъя гэвэл нүүрс-химийн асар том аж үйлдвэр хэрэгтэй. Тэгэхийн тулд 1970-80 оны үед бэлтгэгдсэн инженерүүдээ дахин сургалтад хамруулаад энэ үйл ажиллагаанд оруулах бүрэн боломжтой. Цаашдаа Монголд инженер техникийн ажилтнуудын хэрэгцээ өснө. 

1990 оноос хойш болон одоо бэлтгэж байгаа мэргэжилтнүүдээ сайн боловсруулаад ажиллуулах хэрэгтэй. Дэлхийн хамгийн шилдэг 100 их сургуульд оюутан сургадаг, түүний эхний 20-д элсвэл тэтгэлэг өгдөг болсон. Энэ жил эхний 20-д 100 оюутан тэнцсэн байна. Санхүүжилтийг эхнээс нь хийгээд явж байна. 
Инженер, байгалийн шинжлэлийн чиглэлийн оюутны тоо нэмэгджээ. Энэ бол зөв хандлага юм.

Монгол Улсад инженерийн шинэ эрин үе эхэллээ гэж зарлаж болно. Монголчууд шинэ бүтээн байгуулалт, шинэ үйлдвэрлэл хийдэг болох гэж байна. Үүнд инженерүүд, шинжлэх ухааны лабораториуд, судалгааны ажил хэрэгтэй. 

Японд 3000 инженер бэлтгэнэ гэж байгаа. Тэдний эхний хоёр жилийн сургалтыг Монголдоо хийгээд Японд дадлага, гүнзгийрүүлсэн мэдлэгийг олгож болно” гэлээ.

Зөвхөн нийслэлд сургуулиудыг төвлөрүүлэх бус, алслагдсан дүүрэг, аймгуудад сургалтын төвүүдийг барьж өргөжүүлэх хэрэгтэй байгааг Ерөнхийлөгч онцолж байв. Бусад зарим улс оронтой тус сургуулийн нэгэн адил орчин үеийн сургуулиудыг барих талаар хэлэлцэж байгаа юм байна. Төсөл сайн хэрэгжиж байгаад Төрийн тэргүүн талархал илэрхийллээ.

 

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *