Google компаний CEO Ларри Пэйж хөрөнгө оруулагчдад хандаж жил бүр илгээдэг үүсгэн байгуулагчийн захидлаа бичжээ.Энэ захидалд Google ирээдүйд хаашаа явах, юу хийх, хэрхэн хүрэх зэрэг компаний сратегийг танилцуулдаг юм.
Уг захидлаас хамгийн сонирхолтой сэдэв болох Google компаний ирээдүйд эзлэн авахаар төлөвлөж байгаа салбаруудын талаар энд дурдлаа.
1. Same-day delivery shopping буюу Өдөртөө багтаж хийгддэг худалдан авалт
Google компани Google Shopping Express нэртэй үйлчилгээ эхэлсэн байгаа. Үүгээрээ хэрэглэгчийн онлайн захиалсан барааг өдөрт нь багтааж хүргэдэг болж байгаа юм. Үүгээрээ Google энэ салбарын мангас Амазон компанитай өрсөлдөх аж.
2. Үхлийг анагаах буюу хүний насыг уртасгах
Энэ чиглэлд тэд Calico компанийг байгуулж Genentech компаний CEO байсан Арт Левинсоноор удирдуулж байгаа юм. Зорилго нь хүний амьдралыг уртасгах, эрүүл байлгахад чиглэсэн судалгаа, бүтээгдэхүүнүүд хөгжүүлэх, бий болгох гэнэ. Пэйжийн үзэж байгаагаар хүн 80 хүрээд байгалийн жамаар нас бардаг нь хангалтгүй ажээ.
3. Сайн дизайн
Google компани бүтээгдэхүүний дизайн, гоо зүй тал дээр тийм ч сайн бишд тооцогддог. Технологийн салбарт энэ тухай ярихад хүмүүс шууд л Apple-ыг төсөөлдөг билээ. Тиймээс энэ тал дээр онцгой анхаарч, тэргүүлэх зорилготой ажиллана гэдгээ Пэйж амлажээ.
4. Харилцдаг, хиймэл оюун ухаан
Хайлтын системээр тэргүүлдэг Google компани үүнийгээ улам боловсронгуй болгож, хүмүүстэй харилцан ярилцаж хүссэн мэдээллийг нь олж өгдөг хиймэл оюун ухаантай систем бүтээнэ гэнэ. Өөрөөр хэлбэл хайх зүйлээ бичиж биш, харилцан ярилцаж, асууж хүссэн мэдээллээ олдог илүү “натурал” арга хэлбэр лүү шилжих ажээ.
5. Онлайны гадна байгаа 5 тэрбум хүнийг холбох
Өнөөдөр дэлхий дээр хоёр тэрбум орчим хүн л интернэт ашигладаг. Харин үлдсэн таван тэрбум нь огт холбогдож үзээгүй байгаа. Интернэтэд асар их мэдээлэл бий болж хуримтлагдаж байхад хүн төрөлхтний гуравны хоёр нь үүний гадна байгаа нь үнэхээр эмгэнэлтэй явал. Google жилдээ 60 тэрбум долларын бизнес хийдэг компани. Тэгвэл энэ том орон зайд ажиллаж, орлогоо саяар биш, тэрбумаар өсгөх асар өргөн боломж байна гэж Пэйж үзэж байна.