Баасан гарагт Цагаан ордны дээвэр дээр нарны эрчим хүчний хавтангууд суурилагдан ажиллаж эхэлжээ.Энэ нь Обамагийн нарны эрчим хүчний хэрэглээг АНУ даяар түргэтгэх хөтөлбөртэй холбоотой юм байна.
Нийт 6.3 килоВатт гаргах чадвартай энэ систем нь Цагаан ордны бүх хэрэглээг хангаж чадахгүй. Харин нэг Америк өрхийн хэрэглээг бүрэн хангах чадал юм байна.
Үүнээс илүү томыг угсрах гэхэд ордны аюулгүй байдлыг бодолцон хязгаарласан гэнэ. Учир нь хүлээн авагч хавтангууд Цагаан ордны дээвэр дээр байрлаж байгаа юм. 2013 онд АНУ-д шинээр бий болсон эрчим хүчний эх үүсвэрүүдийн дөрөвний нэгийг нарны эрчим хүч эзэлжээ. Ингэх болсон шалтгаан нь нарнаас эрчим хүч гаргах технологийн өртөг эрчимтэй буурч байгаа явдал. 2011 оноос хойш хавтангуудын үнэ 60 хувь буурчээ.
Мөн 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл нарнаас гаргах эрчим хүчний хэмжээ АНУ даяар 1.2 ГигаВаттаас 13 ГигаВатт хүрч 11 дахин өссөн гэнэ.
Цагаан ордны энэ хөтөлбөрийг хувийн хэвшлийнхэн ч дэмжиж байгаа. Тухайлбал WallMart, Ikea, Apple компаниудыг дурдаж болно.
WallMart АНУ дахь дэлгүүрүүдийнхээ эрчим хүчний хэрэглээг нарнаас авдаг болгох төлөвлөгөө баталсан. 2020 он гэхэд тэд 7 тэрбум килоВатт цагийн эрчим хүч гаргадаг болох зорилт тавьжээ.
Apple компани дата төвүүдээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангадаг болсон. Одоо баригдаж байгаа шинэ оффис нь мөн бүрэн сэргээгдэх эрчим хүчээр ажилдаг болох юм.
Yahoo компани Цагаан ордны төлөвлөгөөг дэмжиж 2015 онд төв оффистоо мөн нарны хавтангууд суурилуулахаар болжээ.