АНУ-ын харилцаа холбооны хамгийн том компани “AT&T” корпораци хиймэл дагуулын телевизийн “DirecTV”-г 48.5 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцжээ. Ийнхүү тус компани “DirecTV”-ийн нэгж хувьцааг 95 ам.доллараар үнэлсэн нь энэ сарын 16-ны байдлаар зах зээлийн үнэлгээнээс нь 10 хувиар өндөр үзүүлэлт болсон байна. Энэхүү худалдан авалт нь “AT&T” корпорацид АНУ дахь үүрэн холбоо болон интернетийн салбар нэгжээ хиймэл дагуулын үйлчилгээтэй нэгтгэх боломж олгох аж. Үүнээс гадна AT&T-ын удирдлагууд хэрэглэгчдийн хүрээгээ хөдөлгөөнт төхөөрөмж, зөөврийн компьютер, автомашин болон онгоцонд хүртэл төвлөрүүлэх зорилготой байна.
Түүнчлэн “DirecTV” компани “AT&T” корпорацийн интернетийн үйлчилгээг ашиглан онлайнаар нэвтрүүлгээ цацах боломж бүрдэх юм. Компаниудын нэгдэл энэ ондоо эцэслэн шийдвэрлэгдэх төлөвтэй байгаа хэдий ч тэдний өмнө АНУ-ын эрх бүхий байгууллагын монополийн эсрэг шалгалтыг давах асуудал тулгараад байгаа ажээ.