
“LG Electronics” компани мягмар гарагт Лондон хотод зохион байгуулсан үйл ажиллагааныхаа үеэр шинэ “LG G3” ухаалаг гар утсаа танилцууллаа. Тус ухаалаг утас нь 5.5 инчийн, 2560 x 1440 пикселийн нягтралтай төдийгүй Quad HD дэлгэцтэй өргөн хэрэглээний анхны утас болж байгаагаараа онцлог юм байна. Түүнчлэн дэлгэцийн нягтралыг сайжруулсантай холбогдуулж цэнэг хураагуурын багтаамжийг 3000 миллампер болгосон нь “Apple”-ийн iPhone 5S утаснаас даруй хоёр дахин өндөр үзүүлэлт болжээ. Түүнчлэн “LG Electronics” хэрэглэгчийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд утсанд нэвтрэхэд шаардлагатай “Content Lock” зэрэг хэд хэдэн хамгаалалтын програмыг суурилуулсан байна. Android KitKat үйлдлийн системээр ажиллах тус утас өнөөдрөөс Өмнөд Солонгос болон дэлхийн 170 оронд худалдаанд гарч байна.