Хэдхэн цагийн өмнө Apple компани Beats Electronics-ыг гурван тэрбум доллараар худалдаж авч байгаагаа албан ёсоор зарлалаа.

Гурван долоо хоногийн өмнөөс яригдаж эхэлсэн наймаа ийнхүү хэрэгжжээ. Анх 3.2 тэрбум гэж яригдаж байсан бол ийнхүү 3 тэрбум болсон байна.
Beats Electronics нь өндөр чанарын чихэвч, Beats Music стриминг үйлчилгээ зэргийг эрхэлдэг. Үүсгэн байгуулагчид нь алдарт рэппер Dr.Dre, авъяаслаг хөгжмийн продюсер Jimmy Iovine нар юм.
Гэрээ ёсоор 2.6 тэрбумыг шууд төлж үлдсэн 400 саяыг тодорхой хугацаанд цувуулж төлөх гэнэ. Jimmy Iovine, Apple-ын үндсэн ажилтнаар шууд ажиллаж эхлэх ба Dr.Dre нь хэсэг хугацааны дараа нийлэх юм.
Энэ наймаа нь Apple-ын түүхэн дэх хамгийн том дүнтэй худалдан авалт болж байна.
Apple-ын CEO Тим Кук хэлэхдээ гол нь үүсгэн байгуулагч хоёр хүний авъяас чадварыг бизнестээ ашиглах зорилготой гэжээ. Beats чихэвчнүүд нь Apple-ын нэг бүтээгдэхүүн болж цааш зарагдана. Стриминг үйлчилгээг мөн тусад нь хөгжүүлнэ гэсэн байна.