Ц.ЖАДАМБАА: НЭГ
НЭГ ШАТААР АХИЖ БАЙНА
Мэдээлэл, шуудан,
харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойн хүрээнд жил бүр уламжлал
болгон болдог “ICT EXPO 2014” болж өндөрлөлөө. Энэ үеэр энэ салбарын цаашдын
хэтийн зорилго, хийж бүтээсэн алдаа онооны талаар Мэдээллийн технологи, шуудан,
харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаатай ярилцлаа.
-ICT expo найм
дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ найман жилийг ухраагаад нэг харвал манай
улсын мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбар ямар түвшинд явж байна вэ?
-Хурдацтай хөгжиж явна гэж хэлмээр байна. Өнгөрсөн
жилийнхийг харьцуулбал энэ жил оролцож байгаа оролцогчдын тоо, чанар,
бүтээгдэхүүн маш их зүйлээр өөрчлөгдөж байна. Мөн хамгийн гол нэг зүйл бол
мэдээллийн технологийн давуу талыг ард иргэд ашиглаад сурч эхэлж байна. Энэ бол
маш том үзүүлэлт юм. Гар утсыг зөвхөн ярих, мессеж бичих гэж хэрэглэх бус өөр
бусад хэлбэрээр ашиглаж байгаа нь өөрөө хэрэглээнд илүү нэвтэрч байна гэсэн үг.
Тэгвэл төр засаг өөрөө мэдээллийн технологийн давуу талыг ашиглаж төр иргэндээ
үйлчилгээ үзүүлэх гэж зорьж байна. Үүнийг Мэдээлэл технологи, шуудан, харилцаа
холбооны зохицуулах газар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ өөрөө төр болон
хувийн хэвшил бүхий л газруудад нэвтэрч байгаа илрэл юм. Тийм учраас энэ бол
эргэлт буцалтгүй зүйл. Тэгэхээр улам илүү ухаажиж, чадавхижиж, хэрэглээнд нэвтрэх
л үлдэж байгаа юм.
-Бид энэ салбартаа
улсаа төлөөлөх хэмжээний брэнд бүтээгдэхүүн гарах боломж ямар байна вэ? Хэрэв
боломж бий бол цаг хугацааны хувьд хэзээ бол?
-Ойрын хугацаанд гарах байх. Яагаад гэвэл бүтээгдэхүүн
гаргах лаброторийг бид бэлдээд нээчихлээ. Одоо оюунлаг залуучуудаа тэнд урин
дуудаад ажиллая гэж байгаа. Үүнээс үндэслээд Silicon Valley-д монголынхоо агентыг
гаргах гэж байгаа. Ингэснээрээ дэлхийд гарах гарц нээгдэх болно. Бүтээгдэхүүний
хувьд бол монголын анхны хайлтын систем болох Moogol.mn нээгдэх гэж байна. Энэ
бол хүнд хэлэхэд үнэхээр бахархам зүйл. Мөн Skytel компани “Maps” гэсэн апликейшн
нээлээ. Unitel компани “U store” гээд нээчихлээ. Энэ нь дотоодын зах зээлдээ
шууд бүтээгдэхүүнээ худалдах боломж бүрдэж байгаа юм. Цаашлаад бүс нутаг гээд өргөжөөд явах
боломжтой. Энэ нь нэг нэг шатаар ахиж байна гэсэн үг.
-Мэдээлэл
технологи, шуудан, харилцаа холбооны газар энэ салбартаа ямар бодлого баримтлан
ажиллаж байна вэ?
Ер нь бол агентлаг дээр нэг бодлогын асуудал явагдаж
байгаа. Төр юмыг хийнэ гэж булаах бус эсрэгээрээ хувийн хэвшил хийж ашиг ол,
олсон ашигаараа инноваци хий. Энэ нь төрийн ажлыг иргэд, хувийн хэвшил хамтарч
гүйцэтгэх буюу төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмыг илүү түлхүү барьж
ажиллах болно.
-Манай улсын ард
иргэдийн дийлэнх нь мэдээлэл, технологийн салбарыг өнөөдөр төдийлөн бүрэн
дүүрэн хүлээж авч, хэрэглэж ашиглаж чадахгүй байгаа. Харьцангуй залуучууд өргөн
хүрээнд хэрэглээндээ өдөр тутам хэрэглэж байна. Тэгвэл улсын ард иргэдийн
дийлэнх нь хэзээ энэ салбарыг бүрэн дүүрэн ойлгож мэдэж авах юм бол оо?
-Сингапур улсын жишээг энд онцлоё л доо. Энэ улс богино
хугацаанд цахим улс болгох гээд яаж хэрхэн ард иргэдээ сургах талаар туршлагыг
хийж байгаад нэг зүйлийг олсон байгаа юм. Арван жилийн дунд сургуулийн
хүүхдүүд, их сургуулийн оюутнуудаар дамжуулан эцэг эхчүүдэд нь хэрэглээг
нэвтрүүлсэн байгаа юм. Түүнээс шууд бүх нийтийг технологийн салбарыг ойлгуулж
хэрэглээнд шууд нэвтрүүлж эхэлнэ гэдэг бол хэцүү асуудал. Ер нь бол хүүхдүүд,
гэр бүлийн гишүүдээр нь дамжуулан хэрэглээг нэвтрүүлж эхэлдэг байгаа юм. Бидний
хувьд бол бүх нийтийн мэдээлэл, технологийн
боловсролыг хөгжүүлэхийн тулд бодлого байх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.
Яагаад гэвэл дэд бүтэц бий болчлоо, энэ
дэд бүтэц дээр суурилсан мэдээлэл технологийн хөгжүүлэлт нь бий болчихлоо. Одоо
үүгээр дамжаад бүтээгдэхүүн очиход түүнийг ашиглах гэдэг асуудал үүсээд эхэлж
байна. Тэр нь жишээ нь ТҮЦ машин дээр харагдаж байгаа. Төрийн үйлчилгээг
цахимаар өгөөд эхлэхээр иргэд ашиглаж мэдэхгүй байх жишээтэй. Гэхдээ одоо
харьцангуй сурч байна л даа. Анх ATM-ийг ашиглаж эхлэж байсан үе шиг байгаа юм.
Энэ нь цаг хугацааны аясаар болох зүйл. Гэхдээ манай монголчууд харьцангуй
соргог, мэдрэмтгий учраас үүнд нэг их санаа зовохгүй байгаа. Хурдтай байх
магадлал илүү өндөр байгаа юм.
-Энэ жилийн
үзэсгэлэнгийн онцлог нь ямар болж чадсан гэж та дүгнэхээр байна?
-Байгууллага болгон давтагдашгүй бүтээгдэхүүн өөр өөрийн
онцлогтой байна. Хоёрдугаарт дандаа шинэ соргог гэгдэж байгаа дэлхийд ноймор
нэг гэсэн брэнд бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнд гарсан. Мөн өөрсдөө бий болгосон
бүтээгдэхүүнүүд энэ удаагийн үзэсгэлэнд танилцуулагдсан нь юу юунаас илүү маш
өвөрмөц онцлогтой боллоо.