Breaking News

Монгол анх удаа Moogol.mn хайлтын системтэй боллоо.

 Монгол анх удаа Moogol.mn хайлтын системтэй боллоо.

 

Энэ жилийн ICT Expo үзэсгэлэнд нэгэн шинэ зүйл олны анхаарлыг ихэд татсан юм. Энэ нь манай улс интернет ертөнцөд өөрийн гэсэн хайлтын системтэй болох гэж буй эхний алхам тавигдсан явдал юм. Бид өдөр тутмын хэрэглээндээ GOOGLE хайлтын системийг ашиглаж ирсэн тэгвэл тун удахгүй MOOGOL.MN хайлтын системийг ашиглах болсоныг дуулгахад таатай байна. Ингээд энэхүү хайлтын системийг хийж буй “Моогол Клоуд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баяржаргалтай ярилцлаа.

-Манай улс интернет орчинд хэрэглэх өөрийн гэсэн хайлтын системтэй болох гэж байгааг сонсоход таатай байна. Таэнэхүү хайлтын системийн талаар танилцуулахгүй юу?

-Google бол дэлхийг харах цонх гэгддэг. Энэ хайлтын системээс дэлхийн бүхий л мэдээллийг олж хайж авах боломжтой байдаг. Улс орон бүр өөрийн гэсэн үндэсний хайлтын системтэй байдаг. Тухайлбал Хятад улс гэхэд Baidu/www.baidu.com/, ОХУ гэхэд Яндекс /www.yandex.ru/, БНСУ гэхэд Naver /www.naver.com/ зэрэг өөрсдийнхөө хэлний онцлогт тохирсон дотоод мэдээллийнхээ эргэлтийг сайжруулах хайлтын систем зайлшгүй байх шаардлагатай байдаг. Өнөөдөр манай улсын интернетийн хэрэглээ их болсон. Тийм учраас бид эдгээртэй адил мэдээллийг эмх цэгцтэй хүргэх нэн шаардлагтай байгаа юм. Ингээд бид туршлага хуримтлуулан судалгаа хийсний үндсэн дээр ийнхүү Moogol.mn  гэсэн бүтээгдэхүүн болгон гаргаж байна.

-Энэхүү хайлтын систем хэзээ нээгдэх вэ?

-Туршилтын хувилбараа ICT Expo үзэсгэлэнд анх удаа танилцууллаа. Долдугаар сарын нэгний өдөр албан ёсоор нээхээр төлөвлөөд ажиллаж байгаа.

-Уг хайлтын систем манай улсын хувьд анх удаагаа танилцуулагдаж хэрэглээнд нэвтрэх гэж байгаа юу?

-Тийм ээ. Анх удаагаа судалгаа хийж туршлагаа хуримтлуулан ажиллаж байна. Гэхдээ магад өөр бусад хамт олон судалгаа хийж өөр төрлийн хайлтын системийг хийх гэж байгааг үгүйсгэхгүй юм.

-Өөрийн гэсэн хэл дээрээ хайлтын систем хийхэд төр засгийн хүрээнд дэмжлэг үзүүлсэн зүйл байгаа болов уу?

-Төр засгаас түрүүлж дэмжлэг авна гэх бус эхлээд бид уг хайлтын системийг хийж чадна гэдгээ харуулах нь юу юунаас илүү чухал. Google, Yahoo шиг хэмжээний хайлтын систем хийнэ гэдэг өндөр технологи шаарддаг тул их төвөгтэй байдаг л даа. Гэхдээ бид гол нь хийж эхлэж буйгаа харуулж чадлаа. Цаашид төр засаг, их дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллагатай хамтарч Монголд хийгдсэн олон олон судалгааны баримт бичгийг энэ хайлтын системдээ нэгтгэж оруулах шаардлагатай байгаа юм. Үндсэндээ монголын бүх мэдээллийг электрон хэлбэрт оруулан монголчууд өөр хоорондоо мэдээллээ хуваалцан ашигладаг болгох нь бидний үндсэн том зорилго. Заавал Улаанбаатарт ирж судалгаа шинжилгээгээ хийх бус өөрийн орон нутагтаа энэ хайлтын системээр дамжуулан өөрт хэрэгтэй мэдээллээ аваад судалгаа шинжилгээний ажлаа хийх өргөн боломж бүрдэх давуу тал бий болж байгаа юм.

-Уг хайлтын системийг ард иргэд өргөн хүрээнд ашиглаж, мэдэж ойлгох тал дээр дутмаг байх талтай. Тэгвэл үүнийг та бүхэн хэрхэн шийдэж өгч байгаа вэ?

-Үндсэн контентийн вэб сайтаас ялгахгүй байх талтай. Бид өнөөдөр хайлт гэдгийг өдөр тутмынхаа амьдралд өргөн хүрээнд авах нь дутмаг байгаа. Мэдээж бид үүнийг таниулж ойлгуулж, хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр маркетинг, сурталчилгааны ажлыг хийх болно. Энэ чиглэл дээр ялангуяа төр засгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болж байгаа юм. Ялангуяа их хэмжээний мэдээллийг оруулахад. Тиймээс ч цааш цаашдаа төр засаг үүнийг анхаарч мэдээлэл технологийн салбарт бодлогын хүрээнд тусгаж биднийг дэмжин ажиллана гэдэгт их найдаж байгаа. Гол нь бид эхлээд туслаж дэмжихийг харах бус хийж чадсанаа харуулж цаашид үүнийг хөгжүүлэхэд төр засаг дэмжих нь илүүтэй зөв байх гэж бодож байна. 

-Энэ хайлтын системийг хийхэд хувийн хэвшлийн байгууллагууд мэдээ мэдээллээ байршуулах тал дээр та бүхэн хэрхэн ажиллаж байгаа бол?

-Хайлтын системээ хийж байхад нэг зүйл ажиглагдаж байна л даа. Өөрсдөө контентоо хийгээд тэр нь  их эмх цэгцгүй байх жишээтэй. Тийм учраас бид цаашид контент гэдэг зүйлийг хэрхэн хийх, яаж хөгжүүлэх ёстой гэдэг тал дээр зөвлөгөө өгч, хэрхэн хийх талаар хайлтын системээ нээх үед хийх болно. Ингэснээрээ тухайн байгууллагын мэдээлэл нь хэрэглэгчдэд илүү үнэн зөв хүртээмжтэй хүрэх юм. 

3 сэтгэгдэл
  1. Монгол залуучууд чадBарлаг байна шvv. Ард тvмэн нь дэмжнэ ээ АМЖИЛТ

  2. Хайлтын систем... Монгол Улсад нэн тэргүүний хэрэгтэй зүйл. Монголын ард иргэд сайн дэмжээд өгөөрэй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *