Breaking News

iOS 8-д нэмэгдсэн онцлох 18 боломж

 Apple компани мобайл үйлдлийн системийнхээ цоо шинэ хувилбар iOS 8-ыг ирэх намар албан ёсоор гаргахаа мэдэгдсэн.

Тэгвэл урьдчилсан тестийн хувилбарыг мэргэжилтнүүд туршиж үзээд гол 18 шинэ боломжийг нь онцолжээ.

Энэ хувилбар iPhone 4S ба түүнээс хойшх утаснууд, iPad 2 ба түүнээс хойшх таблетууд дээр суух боломжтой юм.

     1.   Баттерейны хэрэглээг харуулах

Гар утасны баттерей түргэн үрэгддэг нэг гол шалтгаан нь ямар апп хэр их эрчим хүч зарцуулан ажиллаж байгаагаас болдог. Тэгвэл iOS 8 дээр үүнийг хянах боломж олгожээ. Аль апп хэр их баттерей идэж байгааг нь хянах, хэрэгцээгүй нэгийг нь зогсоох, uninstall хийх зэргээр хэмнэх боломжтой болсон байна.

     2.   Нэмэлт гар суулгах

iOS 8-ын өөрийнх нь гар өмнөхөөсөө сайжирч “predictive input” буюу бичиж байгаа үгийг нь урьдчилан тааж хэд хэдэн хувилбарыг санал болгодог болсон. Гэхдээ энэ нь мэдээж тодорхой хэдэн хэлээр бичихэд үйлчилнэ. Харин өөр нэг чухал боломж нь апп хөгжүүлэгчид өөрийн бүтээсэн гарыг нэмж оруулах боломжтой болжээ. Энэ нь “Ө, Ү” үсгийн асуудалтай Монголчуудад сайхан боломж мэт харагдаж байгаа. Манай хөгжүүлэгчид үүнийг ашиглана гэж найдаж байна.

     3.   Тасралтгүй ажиллах

“Handoff” хэмээх шинэ функц нь Apple-ын олон төхөөрөмжүүд дээр тасралтгүй ажиллах боломж олгоно. Хэрвээ та iPhone болон Mac компьютертэй бол нэгэн дээр нь хийж байсан үйлдлээ нөгөө дээр нь үргэлжлүүлж болно. Үзэж байсан вебээ, уншиж байсан мэйлээ үргэлжлүүлэн ашиглана гэсэн үг. Үүн дээр нэмээд хоёр хэрэгтэй боломж дагалдсан.

Өмнө нь зөвхөн мобайл төхөөрөмжүүд хооронд ажилдаг байсан AirDrop нь одоо Mac-тай нийцдэг болжээ. Бас “Personal Hotspot” буюу iPhone-оороо дамжин Mac компьютерээс интернэтэд холбогдох арга илүү хялбар болсон байна. Заавал тохиргоо хийхгүй, таны Mac интернэт рүү хандахад л iPhone нь автоматаар холбогч болдог болжээ.

     4.   Камерны шинэ боломж

iOS 8 дээр камерны хоёр шинэ боломж нэмэгджээ. Үүнд, гурван секундын таймер нэмэгдсэнээс гадна “time lapse capture” буюу гараар тааруулж өгсөн хугацааны завсартайгаар үргэлжилсэн зураг авах боломж юм. Ингэж авсан зургийн цувралыг видео болгож тоглуулахад үнэхээр сонирхолтой хурдасгасан  дүрс үүснэ.

5.   iCloud фото зургийн сан

iCloud нь одоогоор таны утсан дээрээ авсан сүүлчийн 1000 зургийг үнэгүй хадгалдаг. Тэгвэл iOS 8 дээр 5Gb зай үнэгүй ашиглах ба нэмэлт 20Gb нь сарын 0.99 долларын төлбөртэйгээр 1Tb хүртэл өсгөх боломжтой болсон байна.

     6.   Family Sharing буюу Гэр бүлээрээ дундаа ашиглах боломж

Хэрэглэгчдийн удаан хугацаанд хүсэн хүлээж байсан хэд хэдэн Apple ID контентоо дундаа ашиглах боломж үүгээр нээгдэж байна. Та гэр бүлийнхээ 6 хүртэл хүнийг нэг групп болгож нэмснээр худалдаж авсан контентоо дундаа ашиглах боломжтой. Мөн хүүхдүүдийнхээ хэрэглээг хянах, зохицуулах боломж нээгдэж байна.

     7.   Interactive Notification буюу Мэдээлэлтэй тэр дор нь харьцах

Таныг ямар нэг Апп ажиллуулж байхад тань мессэж ирвэл апп-аасаа гаралгүйгээр жижигхэн цонхонд хариугаа бичиж болно. Хариу илгээмэгц цонх алга болж ажиллаж байсан апп тань үргэлжилнэ.

Мөн lock хийгдсэн байхад ийм notification ирвэл бас ингэж хариулах боломжтой. Мэдээж нууцлалын хувьд асуудалтай гэж үзвэл үүнийг зөвшөөрөхгүй байж ч болно.

     8.   Мессэжийн нэмэлт боломж

Мессэж функц нь олон шинэ боломжоор баяжжээ. Жишээ нь дуу хоолойгоо бичээд илгээж болно. Ингэхийн тулд мессэж нээгдсэн байхад утсаа чихэндээ ойртуулахад л хангалттай, таны яриаг бичиж эхэлнэ. Мөн видео бичлэгээ ч ингэж нэмж болно. Бас олон хүн групп чат хийж байхад таньд төдийлөн хамаагүй мессэжүүд дараалан ирээд байвал “Do not disturb” сонголт хийн блоклож болох аж. Мөн харьцаж байгаа хүндээ хүсвэл өөрийнхөө газарзүйн байрлалыг “Details” товчны тусламжтай мэдэгдэж болох юм.

     9.   Widget

Notification Center-т суусан widget буюу “мини апп”-ын тусламжтайгаар та үндсэн апп-ынхаа чухал мэдээллийг цаг алдалгүй дэлгэцэнд шууд мэдээлэх боломжтой болсон байна. Апп хөгжүүлэгчдэд энэ нь маш том боломж юм.

    10.   Lock screen дээр апп ажиллуулах

iOS 8-ын цоожтой дэлгэцний буланд App Store-той адилхан айкон бий болжээ. Түүн дээр дарахад таны хаана явж байгаа байрлалтай холбоотой апп-ууд сонгогдсон байх юм. Тухайлбал Starbucks-ын дэргэд очиход тэдний апп идэвхтэй байх гэх мэт. Гэхдээ энэ боломж Apple болон бусад бизнес эрхлэгч нарын хоорондын хамтын ажиллагаанаас хамаарах юм.

    11.   Touch ID ашиглах боломж

iPhone 5S-ээс эхлээд хурууны хээгээр таних Touch ID функц нэмэгдсэн байгаа. Тэгвэл iOS 8-аас эхлээд үүнийг апп хөгжүүлэгчид ашиглах эрх нээгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл дурын апп нь хэрэглэгчээс нууц үг, ID шаардахын оронд хурууны хээгээр нь таних боломжтой болно.

    12.   iCloud Drive

Dropbox, Google Drive-тай яг ижил файл хадгалах үйлчилгээг iOS 8-ын хэрэглэгч авах боломжтой болжээ. Ингэснээр том хэмжээтэй файлтай ажиллах нь илүү хялбар болно. iCloud Drive нь Windows-тэй бас нийцэж ажилдаг юм байна.

    13.   Health буюу биеийн эрүүл мэндийг хянах

Энэ нь бүх төрлийн фитнесс, эрүүл мэндийн хэрэглээ, төхөөрөмжүүдийн мэдээллийг нэг дор цуглуулж харах боломж. Nike+, Fitbit болон бусад бүх гуравдагч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Health App-тай нийцэж ажилдаг болох юм.

    14.   Siri-гийн шинэ боломж

iOS 8 дээр дуу хоолойгоор удирдах функц Siri нь байнгийн идэвхтэй болжээ. Ямар ч үед та “Hey Siri” гэж дуудахад л iPhone таньтай ярьж эхэлнэ. Харин ингэж удирдахын тулд утас тань тэжээлд залгаатай байх ёстой. Ингэх болсон шалтгаан нь машин дотор “hands free” зориулалтаар ажиллуулахаар төлөвлөсөнтэй холбоотой байх.

Мөн Siri нь дуу хөгжмийг таньдаг болсон байна. Ингэхийн тулд та ямар нэг апп нээхгүй, харин iPhone-ыхаа Home товчыг дарсан хэвээр тоглогдож байгаа хөгжмийг сонсгоно. Үүний дараа iPhone энэ хөгжмийн тухай бүх мэдээллийг олж мэдээлэх юм.

    15.   Цоожтой дэлгэцэн дэх Contact-ууд

Таны дэлгэц цоожтой байхад хэн нэг рүү залгахад заавал дэлгэцээ unlock хийж нэвтрэх болдог. Тэгвэл iOS 8 дээр Home товчоо дараалан хоёр дарснаар таны сүүлд залгасан дугааруудын жагсаалт гарч ирэх юм. Мэдээж үүнийг нууцлалын шаардлагаар хориглож бас болно.

    16.   Spotlight-ын баялаг үр дүн

Урьд нь Spotlight хайлт нь зөвхөн утсан дээр байгаа мэдээллүүдээс шүүдэг байсан бол одоо Wikipedia, App store, iTunes зэргээс хайлтын дүнг давхар харуулдаг болжээ.

    17.   Safari-гийн бүрэн боломж

Safari броузерт сүүлийн үеийн броузеруудад нэвтэрсэн бүх боломжууд нэмэгджээ. Үүнд “Private” таб үүсгэх зэрэг. Ингэснээр та ердийн таб болон “хувийн” табуудыг ялгах боломжтой болсон байна.

    18.   Цаг агаарын суваг

iOS 7 дээр Apple-ын цаг агаарын апп нь мэдээллээ Yahoo-гаас авдаг байснаа iOS 8 дээр Weather Channel-аас авдаг болсон байна.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *