Breaking News

Филипп Баудри:Манай төлөвлөлтийн программ хангамж “Мaptek” компанийн Vulcan программ хангамжтай хосолсон байдлаар уурхайн ашиглалтын төгс шийдлийг тодорхойлдог

“RUNGE PINCOCK MINARCO” КОМПАНИ МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ “ITEXPERTS” КОМПАНИТАЙ ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

 

 




















Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ ханш өдөр ирэх тусам доошилж уул уурхайн салбарын суурь ганхаж эхлээд байгаа билээ. Хэдий тийм ч энэ цаг үеийг үл харгалзан Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй дэлхийд тэргүүлэгч бие даасан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани болох “Runge Pincock Minarco”(РПМ) компани Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, уурхайн төлөвлөлтийн программ хангамжаа албан ёсоор худалдах эрхийг “АЙ ТИ ЭКСПЕРТС” ХХК-д өгч, түншлэлийн гэрээг байгууллаа. Гэрээг үзэглэхээр “Runge Pincock Minarco” компанийн Ази номхон далай орнууд, Оросын бүс хариуцсан захирал Филипп Баудри, Монгол дахь Програм хангамж болон Үйл ажиллагаа хариуцсан менежерүүдийн  хамт хүрэлцэн ирж Монголын уул уурхайн өнөөгийн байдал, өөрийн уурхайн төлөвлөлтийн программ хангамжийг хэрхэн Монголын уул уурхайн зах зээлд нэвтрүүлэх талаар “АЙ ТИ ЭКСПЕРТС” компанийн захирал А.Мөнхбадралтай санал солилцсон юм. Ингээд цөөн хором Филипп Баудритой ярилцлаа.

Юуны өмнө манай уншигчдад өөрийн компанийхаа талаар товч танилцуулна уу?

Манай компани тэртээ 1968 оноос эхлэн уул уурхайн зөвлөх үйлчилгээ, уурхайн төлөвлөлтийн програм хангамжийн үйлчилгээгээр анх байгуулагдаж байсан. Манай компанийн төв оффис Австралийн Брисбен хотод байдаг ба дэлхийн нийт 12 улсад 18 салбар оффистойгоор уул уурхайн зах зээлд өндөр түвшний мэргэжлийн зөвлөгөө, уурхайн төлөвлөлтийн програм хангамж, мэргэжлийн сургалт гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.  Монголын хувьд бид 2006 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байсан туршлагадаа үндэслэн 2010 онд албан ёсоор  салбар оффисоо байгуулсан. Бид Монголын уул уурхайн компани, төслүүдэд геологи хайгуул, уурхайн төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх, Олон улсын JORC, NI43-101 гэх мэт стандартуудын тайлан төлөвөлгөөг боловсруулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах чиглэлээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна.

Энэ удаагийн төлөвлөлтийн программ хангамжийн түншлэлийн гэрээ нь танай байгууллагын Монголд хийж буй хэд дэх гэрээ вэ?

Программ хангамжийн хувьд Монголын компанитай анх удаагийн хамтран ажиллах гэрээ байгуулж байна. Мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх, мэргэжлийн сургалтын үйлчилгээ чиглэлээр бид Монголд маш олон гэрээт ажлуудыг гүйцэтгэж байсан туршлагатай, өнөөдөр ч энэ чиглэлийн гэрээт ажлууд хийгдсээр байгаа. Нийт хийгдсэн гэрээний хувьд аваад үзэхэд өнөөгийн байдлаар 100 хол давсан ажлуудыг бид гүйцэтгэсэн байна.

Сүүлийн үед Монгол төдийгүй дэлхийн уул уурхайн салбарт хүндхэн байдалтай байгаа энэ цаг үед яагаад заавал Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж энэхүү гэрээг үзэглэх болов?

Бид дэлхийд нэр хүндтэй өөрсдийн уурхайн төлөвлөлтийн програм хангамжаа “IT Experts”  компанитай хамтраад энэ цаг үед Монголын уул уурхайн зах зээлд оруулж ирэх нь хамгийн зөв цаг үе гэж үзэж байгаа. Хэдийгээр уул уурхайн салбар дэлхийд уналттай байгаа боловч олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компаниудад уурхайн төлөвлөлтөө эргэн харах, тэр дундаа программ хангамж, технологийн шийдлийг ашиглаж төлөвлөлтөө хийх, төслийг хамгийн үр ашигтай хамгийн бага зардлаар хэрэгжүүлэх гарц, арга замыг хайж байна.  Нөгөөтэйгүүр бид дан ганц энэ шалтгаан бус РПМ компанийн хувьд олон улсын түвшинд Мaptek компанитай хамтын түншлэлээр ажилладаг.  Учир нь манай төлөвлөтийн программ хангамж  “Мaptek” компанийн Vulcan программ хангамжтай хосолсон байдлаар уурхайн ашиглалтын төгс шийдлийг тодорхойлдог. Энэ нь РПМ, Мaptek компаниуд хамтран түншлэх үндэс болдог.  “IT Experts” компанийн хувьд дэлхийд танигдсан уурхайн чиглэлийн програм хангамжийг Монголынхоо зах зээлд борлуулах тал дээр ажилласан туршлагатайн дээр “Maptek” компанийн албан ёсны борлуулагч болсон байсан нь манай компани “IT Experts” компанийг албан ёсны борлуулагчаар сонгосон бас нэг шалтгаан байсан.

Танай байгууллагын программ хангамж нь ямар давуу талтай вэ. Энэ нь манай орны уул уурхайн салбарт хэр зэрэг зохицох боломжтой бол?

-Манай компанийн төлөвлөлтийн программ хангамж ньуурхайн төлөвлөлт, уурхайн ашиглалтын нөөцийн блок тус бүрээс авах үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх тал дээр илүү нарийвчлан судлаж ажилладаг давуу талтай. Бид программ хангамжаа хөгжүүлэх тал дээр байнга анхаарч ажилладаг. Учир нь уурхай бүр өөр, уурхай тус бүрээс өдөр тутам шинэ шинэ асуудлууд тулгаран гарч ирж байдаг. Тэгвэл манай тусгайлан бэлтгэгдсэн программ хангамжийн мэргэжилтнүүд харилцагчидтайгаа байнга холбоотой ажиллаж тэдгээрийн өдөр тутам амьдрал дээр шинээр тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тал дээр шинжилгээ судлагаа, туршилт хийж програмаа хөгжүүлж ажилладаг. Харин монголын уул уурхайн салбарт хэр зэрэг тохиромжтой вэ гэдэг тал дээр ямар нэгэн асуудал тулгарахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Яагаад гэхээр, Монголын уурхай дэлхийн бусад орны уурхайгаас эрс тэс ялгаатай зүйл огт биш. Мэдээж уурхай бүр ижил биш гэж дээр хэлсэн ч уурхайн оборлолт, ашиглалтыг ерөнхийдөө тогтсон арга аргачлалуудаар явуулдаг. Харин яг тухайн уурхайн онцлогт таарсан төлөвлөлт, арга аргачлалыг боловсруулах  тал дээр манай төлөвлөлтийн програмууд нь хангалттай уян хатан байдлаар ашиглах багаж хэрэгсэл, сонголтуудтай байдаг. Мөн бид Монгол улсын ШУТИС-ын Уул уурхайн инженерийн их сургуултай хамтран ажилладаг ба хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жил, Уул уурхайн инженерийн сургууль байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан “Уурхайн эдийн засаг, төлөвлөлтийн лаборатори”-г Уул уурхайн инженерийн их сургууль дээр байгуулсан. Лабораторын үйл ажиллагааг Уул Уурхайн сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, олон улсын стандартын сургалтыг нэвтрүүлэхэд зориулж 1.2 сая ам.долларын өртөг бүхий уул уурхайн эдийн засаг, төлөвлөлтийн XPAC, XERAS, XACT, Talpac програмуудыг компьютерийн хамт суурьлуулж бэлтгэж өгсөн байгаа. Тэгэхээр манай програм хангамжийг ирээдүйд ашиглах Монголын уурхайн төлөвлөлтийн инженерүүдийг бэлтгэх боломж бүрэн бүрдсэн гэсэн үг.  

Сүүлийн үед монгол төдийгүй дэлхийн уул уурхайн салбар хямралд ороод багагүй хугацаа болж байна. Манай орны уул уурхайн салбар тэр дундаа нүүрсний салбар хямралын хүнд үед явж байгаа. Гадны хөрөнгө оруулагчид энэхүү салбараас үргэж явах болсон. Таны бодлоор уул уурхайн салбарын хямралыг хэрхэн харж байна вэ?

Хэдийгээр зах зээлд эрдэс баялгийн үнэ уначихсан байгаа ч эргээд түүхийг сөхөж харвал өмнө нь байсан үнэтэй одоо уналттай байгаа үнийг харьцуулахад арай илүү өндөр байж чадсаар л байна. Энэ нь ерөнхий хандлагаараа бол үнэ өсч байгааг илтгэнэ. Мэдээж уул уурхайн салбарт зах зээл савлах, үнэ буурах өсөх үзэгдэл давтамж, цикл байдлаар үргэлжлэн явдаг жамтай. Харин одоо бол үнэ буурах зах зээл уруудах үе тохиогоод байгаа. Монгол улсын хувьд уул уурхайн салбарт улс төрийн нөлөөлөл их орж байна, ер нь бол салбарын бодлого, хууль эрхзүйн орчноо батлаж, тогтвортой байх нь юу юунаас илүү чухал юм. Эргээд дэлхийн зах зээлд уул уурхайн салбар хэвийн тогтвортой болох үед монголын уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчин тогтворгүй, хөрөнгө оруулах орчноо тодорхой болгоогүй энэ хэвээр байвал одоогийн уналттай үе нь үргэлжилсээр л байх болно. Үүнийг л анхаар нь илүү чухал байх гэж бодож байна.   

Манай орны уул уурхайн программ хангамжийг хэрхэн хөгжсөн гэж харж байна вэ?

Яг одоо ийм байна, тийм байна гэж хэлэх эрт байна л даа. Жишээ нь Оросын уул уурхайн салбарыг харвал төрийн эзэмшлийн олон том төслүүд нь хуучин арга барилаараа явбал маш удаан бүтээмж багатай болж байна. Үүнийг ойлгосон олон компани аж ахуй нэгж, төрийн өмчийн төслүүд барууны орны дэвшилтэт технологийн шийдлүүдийг авч хэрэгжүүлснээр төслүүд нь хурдацтай үр ашгаа өгч эхэлж байх жишээтэй. Энэ нь нэг үгээр хэлбэл салбарын хувьд цаг хугацааны хувьсал явагдаж байгаа хэрэг юм. Үүний нэгэн адил Монгол улсын уул уурхайн салбарт энэ мэт хувьсал өөрчлөлтийн цаг үе ирж байгааг салбарын тоглогч нар хувийн эсвэл төрийн эзэмшлийн төсөл хэн байхаас үл хамаарч үүнийг түрүүлж мэдэрч дэвшилтэд технологийн шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилласанаар төслөө илүү үр ашигтай байдлаар хэрэгжүүлэх боломжийг олгох юм.

За ингээд цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа...

Тиймээ, та бүхэнд ч гэсэн бидэнтэй ярилцсанд талархаж байна. Та болон танай уншигчидад хамгийн сайн сайхан, ажлын ажмилтыг хүсэн ерөөе.

Э.Лхам

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *