Breaking News

Япончууд сансрын уудамд байгаа астероидыг амжилттай бөмбөгджээ

Манай дэлхийгээс 290 сая орчим километрын алсад байгаа Рюгу нэртэй астероидын дэргэд Японы Хаяабуса2 хөлөг 2018 оны зургаадугаар сараас хойш ажиллаж байгаа юм.

Хаяабуса2 хөлгийн зорилго нь Рюгугийн хөрс, чулуулгийн дээжийг дэлхийд авчрах. Уг биет нарны аймаг үүсэн бий болж байх цаг үеэс хойш олон тэрбум жил хөндөгдөөгүй тул хэвлийдээ асар их нууц тээж явдаг ажээ. Тиймээс дэлхийд авчрах дээж нь нарны аймгийн үүсэл, амьдралын үүслийн талаар судлахад чухал ач холбогдолтой.

Хаяабуса2 хөлөг энэ оны хоёрдугаар сарын 21-нд Рюгу астероидод ойртохдоо гадарга руу нь сум хэлбэртэй зэвсэг харваж, хөрсний чулуунаас нь дээж авч чадсан юм.

Харин энэ сарын эхээр хөрсний гүн дэх чулуулгаас нь дээж авах зорилгоор гадарга дээр нь хүчтэй тэсэлгээ хийсэн байна. Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Хаяабуса2 хөлөг их хэмжээний тэсрэх бодистой бөмбөгийг астероидын гадарга дээр буулгаж, дэлбэлжээ.

Үр дүнд нь уг биет дээр хүний гараар үүссэн тогоо бий болсон байна. Хаяабуса2 одоо дэлбэрэлтээс ил гарсан чулууны дээжийг авах зорилготой ажиллаж байгаа.

Бөмбөгийг дэлбэлэхээсээ өмнө Хаяабуса2 өөрөө өртөхгүйн тулд астероидоос холдож байрласан байна. Энэ үеэр тэр гадаргын өмнөх ба дараах зургийг буулгаснаа дэлхий рүү илгээсэн юм.

Илгээсэн зураг нь хэд хоногийн дараа дэлхийд ирснийг Японы сансар судлалын агентлаг JAXA өчигдөр нийтэд үзүүлжээ.

Хэрвээ астероидын хөрсний гүнээс ил гарсан чулуулгаас дээж авч чадвал Хаяабуса2 дэлхий рүүгээ буцахаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *