2018 онд 8.8 тэрбум ам.долларын ашигтай ажилласан Хятадын технологийн Huawei компани 2019 оны эхний улирлын орлого нь өмнөх оны мөн үеэс 39 хувиар нэмэгдэж 26.78 тэрбум ам.доллар хүрснээ мэдэгдэв. Харин цэвэр ашгийн дүнгээ зарлаагүй ч энэ нь 8 орчим хувь байсан гэжээ.
Тус мэдэгдэлд энэ оны эхний улиралд 59 сая ухаалаг утас, дэлхий даяар 5G сүлжээг дэмжих 70,000 гаруй станцыг борлуулснаа дурдаад “2019 он 5G сүлжээг илүү олон газарт нэвтрүүлэх бүтээн байгуулалтын жил байх бөгөөд үүнийг дагаад манай бизнес ч өсөх болно” хэмээн онцолсон байна.


2018 онд Huawei-ын жилийн орлого 2017 оноос 19.5 хувь өсөж 107.4 тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд энэхүү орлогын ихэнхийг ухаалаг утасны борлуулалт бүрдүүлжээ. Тодруулбал, 2018 онд Huawei-ын хэрэглэгчийн зах зээлээс олсон орлого 2017 оныхоос 45.1 хувь нэмэгдэж 52 тэрбум ам.доллар, харилцаа холбоо, сүлжээний бизнесээс олсон орлого нь 1.3 хувиар унаж 43.8 тэрбум ам.доллар болсон байна.
Хэрэглэгчийн зах зээлийн орлого нэмэгдсэн нь тус компани АНУ болон бусад орнуудын засгийн газартай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, зах зээлд нь нэвтэрч эхэлсэнтэй холбоотой.
Гэсэн хэдий ч Huawei одоог хүртэл АНУ-тай зарим нэг төхөөрөмжийг нь хорьсон хэргээр шүүхдэж байгаа юм. Өнгөрсөн сард Их Британий засгийн газраас Huawei-ын харилцаа холбоо, сүлжээний аюулгүй байдалтай холбоотой тайланг гаргасан билээ. Тус тайланд Hauwei-ын сүлжээнд ноцтой асуудал байгаа талаар дурджээ.