
Хүссэн дуугаа, хүссэн газраасаа сонсох боломжийг олгодог Spotify-ын төлбөр төлдөг хэрэглэгчийн тоо өмнөх жилээс 32 хувиар өсч 100 сая болжээ. Харин төлбөртэй болон үнэгүй ашигладаг хэрэглэгчдийн тоог нэмбэл 217 сая хүрж байгаа гэнэ. Хэдийгээр хэрэглэгчийн тоо нэмэгдэж байгаа ч компаний алдагдал нэмэгдсээр байгаа бөгөөд өнгөрсөн 1-3-р сарын хооронд 158.3 сая ам.доллар алдсан байна.
Дэлхий дахинаа Spotify-г 100 сая хүн төлбөртэйгөөр ашиглаж байгаа бол гол өрсөлдөгч болох Apple Music-д 50 сая хүн төлбөр төлдөг аж. Харин АНУ-д Apple Music-ыг 28 сая, Spotify-г 26 сая хүн төлбөртэй ашигладаг байна.
Дуунаас гадна Spotify-ын бас нэгэн том үйлчилгээ нь подкаст юм. Тиймдээ ч Spotify ирээдүйд подкастад зориулсан, илүү сайн зар сурталчилгааны системийг бий болгохоо мэдэгджээ. Ингэснээр подкастын дундуур сонсогдох зар сурталчилгаа нь сонсогчийн мэдээлэл дээр тулгуурлана гэсэн үг. Өнгөрсөн саруудад Spotify подкастаар дагнасан хэд хэдэн компанийг худалдан авсан билээ.
Spotify 2019 оны 2-р улирлын төгсгөл гэхэд нийт 222-228 сая, төлбөр төлдөг 107-110 сая хэрэглэгчтэй болно гэж үзэж байгаагаа мөн хуваалцжээ.
