Breaking News

ЛАНДСАТ 9 ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ 2020 ОНД ХӨӨРГӨНӨ




 


















Эх дэлхийг хамгийн удаан хугацааны турш тасралтгүй сансрын түвшнээс зурагласан Ландсат цуврал хиймэл дагуулуудын үргэлжлэл Ландсат 9 хиймэл дагуулыг НАСА болон АНУ-ын Геологийн судалгааны төвийн хамтарсан баг 2020 оны 12-р сард хөөргөхөөр төлөвлөлж байна.
Тавь гаруй жилийн хугацаанд зурагласан энэхүү дагуул хамгийн анх 1972 онд хөөрч байжээ (Зураг 1). Үүнээс хойш найман цуврал дагуулыг хөөргөөд байна. Шинэ хиймэл дагуул нь өмнөх загвар болох Ландсат 8-тай адил орбитоор 705 км-ийн өндөрт, 99 минут тутамд эх дэлхийг тойрох ажээ. Өдөрт ойролцоогоор 750 сцен зураглах бөгөөд нэг сцений хэмжээ 185х185 км. Цаг хугацааны шийд буюу нэг цэг дээр буцан ирж зураглах хугацаа 16 хоног байх юм. Зураглахдаа  Worldwide Reference System-2 замын дагуу нисэх бөгөөд сцений ирмэг давхцал экватор орчим нийт сцений 7 хувь бол туйл орчмын давхцал ойролцоогоор 85 хувь байна хэмээн тооцоолжээ. 

 Зураг 1. Ландсат цуврал дагуулууд


Спектрийн шийд буюу сенсорын бүртгэх сувгийн тоо мөн өмнөх дагуултай адил. Үзэгдэх гэрэл, ойрын болон дундын нил улаан туяаны мужид зураглах 9 суваг (Operational Land Imager-2), цацаргалтын буюу дулааны нил улаан туяаны мужийн 2 сувагтай (Thermal Infrared Sensor-2) байна. Зураг 2-д спектрийн шийдийг харуулав. Оронзайн шийдийн хувьд OLI-2 сенсорынх 30 м, панхроматик 15 м бол ТIRS сенсорын шийд 100 м байна.


Зураг 2. Ландсат 5, 7, 8, 9 дагуулуудын спектрийн шийд

Энэхүү хиймэл дагуулын мэдээг байгаль болон хүний үйл ажиллагаатай холбоотой гадаргын өөрчлөлт болон байгалийн нөөцийн бүхий л судалгаанд өргөнөөр ашигласаар ирсэн (Зураг 3). НАСА болон Геологийн судалгааны төв нь шинэ дагуулын зурагласан мэдээнд геометр, радиометр болон гадаргын заслуудыг хийсэн Level 1 түвшний өндөр чанарын мэдээгээр ч хангах юм байна. 2008 оноос бүх Ландсат цувралын датаг үнэгүй байрлуулсаар байгаа билээ. Ийнхүү тун удахгүй шинэ хиймэл дагуулын мэдээг судлаач нар ашиглах боломжтой болох юм байна.


Зураг 3. Дубай хотын далайн эргийн өөрчлөлт 

Эх сурвалж: www.nasa.gov

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *