Үүрэн утасны 5G сүлжээ агаар мандал дахь өөрчлөлт, цаг агаарын урьдчилсан мэдээ, ялангуяа хүчтэй салхи, шуурга болох тухай мэдээлэл дамжуулдаг хиймэл дагуулын үйл ажиллагааг тасалдуулах ноцтой үр дагавартай байж болзошгүй хэмээн олон улсын цаг уурчид анхааруулж байна.
Цаг уурын хиймэл дагуулын төхөөрөмж дэлхийн агаар мандалд гарч буй өөрчлөлтийг ажиглаж, цаг агаарт нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлс болох усны уур, бороо, цас, үүлэн бүрхүүл болон мөсний найрлагыг шинжилдэг. Харин 5G сүлжээний ашиглах радио долгион хиймэл дагуулын үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж цаг уурчид үзэж байна.
23.8 гигагерц давтамжид усны уур сул дохио өгдөг бөгөөд үүнийг цаг уурын хиймэл дагуулууд барьж авч, шинжилж, мэдээлэл явуулдаг байна. Энэхүү мэдээллээс цаг уурчид цаг агаар хэрхэн өөрчлөгдөхийг тооцоолон гаргадаг аж.5G сүлжээ дээрх давтамжид мэдээлэл дамжуулах бөгөөд усны уураас гаргаж буй дохиолол, 5G сүлжээний дохиоллыг ялгахад хүндрэлтэй болох гэнэ. АНУ-ын Холбооны харилцаа, холбооны комисс болон бусад улс орны харилцаа холбооны агентлагууд 23.8 гигагерц давтамжийг ашиглах эрхийг 5G сүлжээний провайдеруудад дуудлага худалдаагаар борлуулж эхэлсэн нь асуудлыг улам ноцтой болгожээ. Үүнээс гадна бороо, цасны төлөвийг тодорхойлдог 36-37 гигагерцийн давтамж, агаарын температурыг хэмжихэд ашигладаг 50 гигагерц, үүл, мөсийг шинжлэхэд ашигладаг 86-92 гигагерцийн давтамжийг ашиглах эрхийг АНУ-д олгож эхэлсэн байна. Энэ асуудлыг 2019 оны сүүлээр Египет улсад болох дэлхийн бага хурлаар авч хэлэлцэх гэнэ. Эх сурвалж: The Verge