
Хятад улс инновацын хөгжлийг гүйцэж чадахгүй хэмээн нотлогчид хийсвэр жишээ авч ярьдаг. Боловсролын хатуу тогтолцоо бүтээлч санаачилгыг дардаг, “Made in China 2025” зэрэг аж үйлдвэрийн том төслүүд цаг үрсэн, ашиггүй ажил гэх мэтээр.
Гэвч үл итгэгчид хамгийн бодитой бөгөөд илт хүчин зүйлийг үл тоож байна. Тухайлбал, Хятадын дотоодын зах зээлийн хэмжээ өргөжихийн сацуу технологийн хэрэглээ гүнзгийрч буй. Тус улсын эдийн засаг 2000 оныхоос 10 дахин, 2008 оныхоос гурав дахин өсжээ.
Үүний үр дүнд Хятадын технологийн компаниуд дэлхийд тэргүүлэх байр сууринд гарч ирэх нөхцөл бүрдэнэ. Тэд өөрсдийн потенциалаар Хятадыг технологийн тэргүүлэх гүрнүүдийн эгнээнд авчрах хангалттай хүчин чадалтай юм. Яаж вэ гэдгийг ойлгохын тулд салхин турбиныг аваад үзье. Засгийн газар нь сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тушаалд гарын үсэг зурах төдийд Хятадад дэлхийд хамгийн том салхин турбины зах зээл бий болсон.
Хятадын олон муж Европын томоохон улсуудтай тэнцэх хүн амтай бөгөөд тэдний худалдан авалтын төлөвлөгөө дэлхийд өрсөлдөхүйц дотоодын компаниудыг бий болгож чаддаг. Bloomberg-ийн тооцоогоор Хятадын хэд хэдэн компани дэлхийд салхин турбин үйлдвэрлэлээр тэргүүлж байна.
Зах зээлийн цар хүрээ заримдаа үр ашиггүй бодлогыг нөхдөг. Жишээ нь, хятад чипийн дизайн ба үйлдвэрлэл Засгийн газрын дэмжлэг, санхүүжилтийг үл харгалзан ахиж өгөхгүй байгаа. Энд үйлдвэрлэсэн хагас дамжуулагчийн хүчин чадал хоёр үеэр буюу таван жилээр хоцрогджээ.
Хятадын олон муж Европын томоохон улсуудтай тэнцэх хүн амтай бөгөөд тэдний худалдан авалтын төлөвлөгөө дэлхийд өрсөлдөхүйц дотоодын компаниудыг бий болгож чаддаг.
Гэвч одоо Хятадын электроникийн компаниуд хэмжээ, чадварын хувьд огцом дээшилсэн. Хориод жилийн өмнө эдгээр компаниуд Тайванийн компьютер үйлдвэрлэгчдийн угсралтыг хийдэг байв. Өнөөдөр Huawei, Lenovo л гэхэд дэлхийн ухаалаг утасны 40 хувь, компьютерийн 25 хувийг үйлдвэрлэж байна. Эрс шинэчлэл хийсэн хэрэглээний дрон гэх мэт бүтээгдэхүүнийг Шеньжен хотод улам ихээр үйлдвэрлэж, хэрэглэж буй.
Эдгээр компаниуд Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн найдвартай түнш юм. Huawei-н HiSilicon зэрэг чипийн дизайны компаниуд одоо Тайванийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Гэвч Хятадын чип үйлдвэрлэгчид технологио дээшлүүлбэл Huawei-н бизнесийг эзэлнэ гэдгээ мэддэг. 20 жилийн өмнө ийм олон дотоодын хэрэглэгч байгаагүй юм. Үүнтэй адил зүйл автомашины салбарт өрнөж байна. Япон, Өмнөд Солонгосоос ялгаатай нь хятадууд гадаадад өргөнөөр худалдах гоёмсог машин хийх шаардлагагүй.
Дотоодын үйлдвэрлэгчдийг гаднынхантай өрсөлдүүлэхийн оронд Бээжин дараагийн алхмыг бодож тунгаасан байна. Зохицуулагчид хэрэглэгчдэд татаас олгох, үйлдвэрлэгчдэд квот хуваарилах, цахилгаан машин худалдан авсан жолоочид дугаар үл харгалзан номер өгөх зэрэг бодлого, журам баталснаар дэлхийд хамгийн том цахилгаан машины зах зээл бий болгох зорилгыг хэрэгжүүлж эхэллээ. Үүний үр дүнд 2018 оны цахилгаан машины нийт борлуулалтын талаас илүү нь Хятадад ногдов.

Эх газарт үйлдвэрлэсэн цахилгаан машинуудын олонх нь чанар муутай байгаа ч Хятад улс тус салбарт хүчтэй байр суурь эзлэх нь гарцаагүй.
Жишээ нь, BMW-ын инженер байсан хүн Нанжинд цахилгаан машины Byton компани байгуулснаа бодлогын дэмжлэг ба зах зээлийн цар хүрээгээр тайлбарласан байна. Асар том зах зээл технологид чиглэсэн бизнесүүдийг татаад зогсохгүй капиталын хөрөнгө оруулалт дагуулж, хангамжийн сүлжээ бий болгожээ.
Бэлэн хэрэглэгчтэй байх нь компаниудыг залхуу болгож магадгүй авч хятадууд баяжихын хэрээр илүү чанарыг хүсэмжлэх болсон. XX зууны эхэнд АНУ дотоодын асар том зах зээлдээ тулгуурлан технологийн их гүрэн болсныг санах ёстой.
Хятадын аж үйлдвэржилтийн төлөвлөгөө, инновацын чадамжийг өөрчлөгдөж буй нөхцөл байдал дунд авч үзэх хэрэгтэй.
Өмнө нь алдаатай байсан Засгийн газрын бодлого энэ удаад амжилтад хүрэх бүрэн боломж бий. Үүнд Хятадын зах зээлийн цар хүрээ нь тооцож үзэх хамгийн гол хүчин зүйл юм.
Эх сурвалж: CCTV.com