Эрэгтэй хүүхдүүд математик, техник сэтгэлгээндээ сайн байдаг хэмээх ойлголтыг бид багаасаа л сонсож өсөн.
Харин энэ сэтгэлгээг барууны оронд аль хэдийн үгүйсгэж эхэлсэн төдийгүй охидууд шалгалтын оноогоороо ч тэр биологийн талаасаа ч тэр эрэгтэй хүүхдүүдтэй ялгагдах зүйлгүй гэдгийг олон улсын эрдэмтэд хэлсээр байна.
Монголын мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн хамгийн анхны цугларалт DevSummit 2019 арга хэмжээ энэ сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан билээ.
Тэгвэл тус арга хэмжээний үеэр болсон WOMEN IN TECH хэлэлцүүлэгт Монголын мэдээллийн технологийн салбарт өөрийн гэсэн байр сууриа эзлэн амжилттай яваа эмэгтэйчүүдийн төлөөллүүдийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
UR, UX ДИЗАЙНЕР Г.НЯМЗАЯА:
ЭМЭГТЭЙ ХҮН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ТОХИРОХГҮЙ ГЭДЭГ БОДЛООСОО САЛАХ ЦАГ БОЛСОН
- Өөрчлөлтөд хувьдаа их дуртай. Тэр өөрчлөлтийг давсны дараа авах мэдрэмж илүү сайхан.
- UR/ UX дээр ажилладаг дизайнерууд ховор байна.
- Мэдээллийн технологийн салбарт эмэгтэйчүүд уян хатан чанараа ашиглах нь давуу тал.
- Анх намайг ажилд ороход ганцаараа эмэгтэй байсан болохоор юун эмэгтэй ороод ирэв гэсэн харцаар бүгд хардаг байлаа.
- Эмэгтэй хүн мэдээллийн технологийн салбарт тохирохгүй гэдэг бодлоосоо салах цаг болсон.
- Би хэцүү ажил руу орох тусмаа дуртай байдаг. Учир нь хэцүү ажил байх тусам би илүү их дэвжиж, амьдрал болон ажлаас авах урам зориг минь нэмэгддэг. Нөгөө талдаа энэ мэргэжилд дуртай байх шалтгааны нэг болдог.
DENTSU DATA ARTIST MONGOLIA ХХК-ИЙН ИНЖЕНЕР Б.ГЭРЭЛТУЯА:
АЛИВАА ЗҮЙЛИЙГ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ БИ ЧАДАХГҮЙ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ХЭЛЖ БАЙ
- Би онолын математикчаар төгсөж байгаа ч цаашдаа программ хангамжийн инженерээр ажиллана.
- Бүтээлч байдал намайг энэ мэргэжил рүү ороход хөтөлсөн гол зүйл.
- Анх код бичиж, программ хангамжийн талаар сурч эхлэхдээ жинхэнэ бүтээлч байдал ямар байдгийг мэдэрсэн.
- Анх энэ салбар руу ороход “Би инженер байж болох юм байна” гэдэг бодол суух хамгийн хэцүү байсан. Яагаад гэвэл худлаа юм хийгээд байгаа юм шиг санагдаад тэр. Харин код сурчихаад бичих явцад код хэзээ ч худлаа ярьдаггүй бас миний хийж байгаа зүйл ажилладаг. Би инженер болж чадах юм байна гэдэг бодол гүн суусан.
- Эрэгтэй инженерүүдийг нийгэм хүлээж авдаг мөртлөө эмэгтэйчүүдийг гайхаад байдгийг ойлгодоггүй.
- Мэдээллийн технологи дотор олон салбар байдаг учраас өөрт тохирохоо сонгох хэрэгтэй.
- Эмэгтэйчүүдийн бичсэн код арай цэгцтэй, ойлгомжтой санагддаг. Тэр утгаараа программчлалын салбарт эмэгтэйчүүд давуу талыг үүсгэх боломжтой.
АНД СИСТЕМИЙН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР Г.УРАНЧИМЭГ:
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫГ СОНГОСОН БАЙХАД БҮХ ТӨРЛИЙН САЛБАРТ МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
- Их сургуульдаа ороод л мэдээллийн технологийн салбарт эмэгтэй хүмүүс ямар чиглэлээр ажиллаж болдог вэ гэдгийг судалсан.
- IT салбарт эрэгтэйчүүд өөртөө итгэлтэйгээр би чадна хийгээд үзье гэдэг бол эмэгтэйчүүд өөртөө эргэлзээд үлддэг.
- Хүн ямар нэгэн юмыг хийж үзээд оролдох тусам өөртөө итгэлтэй болдог.
- Заавал юмыг төгс болгох гээд байх шаардлагагүй. Хийсэн зүйлээ бусдад харуулж санал шүүмж сонсоод засах нь чухал.
- IT салбарт эх сурвалж их байдаг учраас өөрийгөө хөгжүүлэх боломж хязгааргүй их.
- Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг мэдсэнийхээ дараа яаж хөгжүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй.
- Миний хувьд үргэлж мэдэхгүй зүйл дээрээ шинээр ажилладаг учраас үргэлж хөгждөг.
- Энэ цаг үеийн түүчээлэл нь болж буй мэдээллийн технологийн салбар илүү хөгжвөл бусад салбар дагаад хөгжих боломжтой.
- Мэдээллийн технологийн салбарыг сонгосон байхад бүх төрлийн салбарт мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой.
ИНТЕРАКТИВ ХХК-ИЙН СИСТЕМИЙН АРХИТЕКТОР Т.НОМИН-ЭРДЭНЭ:
ЭМЭГТЭЙЧҮҮД КОД БИЧИХЭЭС АЙХ ХЭРЭГГҮЙ
- Би хэн нэгэнд үнэ цэнийг бүтээдэг чухал ажил хийдэг хүн болохыг хүсдэг байсан. Тэр ажил нь IT инженер.
- Эмэгтэйчүүд программ хангамжийн чиглэлээр төгссөнийхөө дараа код бичдэггүй бөгөөд программист болохоосоо эмээдэг. Учир нь эрэгтэй хүүхдүүд илүү мундаг, илүү логик сэтгэлгээтэй гэж боддог.
- Эмэгтэйчүүд код бичихээс айх хэрэггүй.
- Өчигдрөөс илүү өнөөдрийг бүтээхийн төлөө зүтгэх нь бүтээлч байдал.
- Баг хамт олонтойгоо ижил зорилготой байвал түүнийхээ төлөө илүү хичээж, илүү үр дүнтэй ажилладаг.
- Миний оролцож хийлцсэн платформыг бусад хүмүүс ашиглах нь ямар үнэ цэнэтэй болохыг мэдэрдэг тул би ажлаа сольдоггүй.
- Манай улсад IT-гийн салбарт нарийсаж, мэргэшсэн хүмүүс дутагдалтай байна.
- Эх сурвалж: Women in tech хэлэлцүүлэг