АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сарны хөрс, хийн дээжийн судалгааг ойрын 6-12 сард дахин сэргээнэ гэж Хьюстон дахь Л.Жонсоны нэрэмжит Сансрын төвийн хэвлэлийн ажилтан Ноа Майкелсон мэдээлжээ.
НАСА агентлаг Аполло сансрын хөтөлбөрийн хүрээнд Америкийн сансрын нисэгчдийн 50 жилийн өмнө дэлхий дээр сарнаас авчирсан дээжийг судлах төлөвлөгөөг танилцуулсан юм. Энэ зорилгоор тус агентлаг АНУ-ын сансар судлалын төв болон дэлхийн дөрвөн томоохон их сургуулийг сонгосон байна.
Сарнаас авчирсан дээжийг мэргэжилтнүүдэд хэзээ шилжүүлэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Учир нь эрдэмтэд дээжийг хадгалж буй савнуудыг хэрхэн нээх тал дээр ажиллаж буй аж. Майкелсоны хэлснээр, эдгээр савнууд 50 жилийн туршид битүүмжлэгдсэн байдалд хадгалагдаж байжээ.
Сарны гурван төрлийн дээж байгаа гэнэ. Эдгээрийг 1971-1972 оны үед Аполло хөтөлбөрийн хүрээнд битүү саванд хийн дэлхийд авчирсан бөгөөд хэзээ ч дэлхийн агаар мандлын нөлөөлөлд оруулж байгаагүй гэнэ. Эдгээр дээжийн нэг хэсгийг хасах 20С градуст, хоёр дахь хэсгийг агааргүй битүү орчинд, гурав дахийг нь гелий бүхий хийгээр дүүргэсэн саванд хадгалж байгаа гэнэ.
Хөлдөөсөн дээжийг онгойлгоход илүү хялбар учир ойрын зургаан сарын хугацаанд нээх гэнэ. Харин агааргүй орчинд хадгалагдаж буй дээжийг ойрын нэг жилийн хугацаанд нээнэ. Энэ нь сарнаас авчирсан хий тул эрдэмтэд маш болгоомжтой ажиллах учиртай.
НАСА агентлагийн эрдэм шинжилгээний удирдах албаны дарга Томас Цурбухэний хэлснээр, сарнаас авчирсан эдгээр үнэ цэнэтэй дээжийн судалгааг дахин сэргээснээр шинэ үеийн эрдэмтэд дэлхийн дагуулын хувьсал, хөгжлийг илүү ойлгоход дөхөм болно. Үүний сацуу, энэхүү судалгаа сар болон сансар луу дараагийн судалгааны багийг илгээх нөхцөлийг бүрдүүлэхэд мөн ач холбогдолтой юм.
НАСА агентлагийн мэдээллээр, 1969-1972 оны хооронд Аполло хөтөлбөрийн хүрээнд нийт 382 кг сарны хадны хэлтэрхий, элс, тоосны дээжийг дэлхийд авчирсан байна. Эдгээр дээжийн 75 гаруй хувийг огт хөндөөгүй гэж Майкелсон онцолжээ.
Эх сурвалж: nasa.gov.com
The Verge