Breaking News

HPE супер компьютер үйлдвэрлэгч Cray-ыг 1.3 тэрбум ам.доллароор худалдаж авна

Өнгөрсөн долоо хоногт Hewlett Packard Enterprise (HPE) супер компьютер үйлдвэрлэгч Cray-ыг 1.3 тэрбум ам.доллароор худалдан авч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. HPE нь 2015 онд бидний сайн мэдэх HP-ээс өрх тусгаарлан үүсгэн байгуулагдаж байсан юм. HP олон нийтэд зориулсан компьютер болон принтер зэргийг борлуулдаг бол HPE их хэмжээний өгөгдөл, судалгаа, программ хангамж гэсэн чиглэлүүдэд дагнан ажилладаг.

Харин АНУ-ын Төрийн болон хувийн хэвшлийн томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг Cray-ыг худалдан авснаар HPE шинэ хэрэглэгчдэд хүрэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн HPE-д одоогийн харилцагчдадаа Cray-ын бүтээдэг супер компьютерыг борлуулах боломж нээгдэж байна.

Cray нь бусад технологийн компаниудтай харьцуулахад олон нийтэд харьцангуй бага танигдсан ч их хэмжээний өгөгдөл боловсруулах чиглэлдээ тэргүүлэх компани юм. Өдгөө уг компани АНУ-ын Эрчим хүчний департаментын захиалгаар AMD-тэй хамтран дэлхийн хамгийн хурдан Frontier exascale супер компьютерыг бүтээж байгаа билээ. Frontier нэг секундэд 1,500,000,000,000,000,000 (10-ын 18 зэрэг) ширхэг тооцоолол хийх хүчин чадалтай.

TOP500 сайтын бичснээр Cray одоогоор дэлхийн хамгийн хүчирхэг 10 системийн гурвыг нь хариуцан ажилладаг байна.
                                                                                                                          
                                                                                                                                    Эх сурвалж: Engadget 
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *