Компанийн ажилтнуудыг дадлагажуулах виртуал сургалтын төхөөрөмжийн дэлхийн зах зээл жилд дунджаар 13 хувь өсөж, 2025 он гэхэд 20 тэрбум ам.доллар давах төлөвтэйг Global Market Insights компанийн шинэ судалгаа харууллаа.
Үйлдвэрлэлд автоматжуулалт, робот технологи эрчимтэй нэвтэрч байгаа нь сургалтын төхөөрөмжийн зах зээл өсөх шалтгаан болж байгааг судалгаанд тайлбарлажээ. Мөн төрийн зохицуулалт, үйлдвэрлэлийн аюулгүй байдалд тавьдаг шаардлага чангарч байгаа нь ч ажилтан, ажилчдыг дадлагажуулах симулятор төхөөрөмжийн эрэлт өсөх бас нэг нөхцөл боллоо.
Шинэ судалгаанаас үзвэл барилга угсралт, уул уурхайн салбарт мэргэжилтэй ажиллах хүчин дутагдах хандлагатай байна. Ур чадвартай мэргэшсэн ажилтан болон ажилтан шинээр хөлслөх зардал өндөр байгаагаас компаниуд ажиллах хүчээ сургаж, дадлагажуулахад анхаарах нь ихэссээр байна.
VR (Virtual Reality) буюу хиймэл бодит байдлын технологи улам сайжирсны үр дүнд уламжлалт суурин дэлгэцтэй төхөөрөмжийг (Head Mounted Display) буюу толгойд бэхэлдэг сургалтын модуль-дэлгэцээр орлуулах хандлагатай болов. HMD нь ялангуяа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, операторуудын осол гэмтлийг бууруулахад чиглэсэн сургалтын зориулалттай дадлагажуулагч техник хэрэгсэлд эрчимтэй нэвтэрч байна. Ажлын аюулгүй байдлыг сайжруулахад чухал үүрэгтэй, зайн сургалт дэмждэг дадлагажуулагч төхөөрөмж нь компаниудад зардал хэмнэх давхар ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Засгийн Газрын Мэдээ сонин