
АНУ-ын Худалдааны яам Хятадын “Хуавэй” компанид бизнесээ эрхлэх түр зөвшөөрөл олголоо. Түр зөвшөөрөл наймдугаар сарын 19-нийг хүртэл үйлчилнэ. Энэ үеэр хэрэглэгчид программ хангамжаа шинэчлэх, компани сүлжээгээ дэмжих боломжтой гэж “Холбооны мэдээллийн агентлаг” мэдээлж байна.
АНУ-ын Худалдааны яам “Хуавэй” компани болон түүний 70 салбарыг үндэсний аюулгүй байдалтай харшлах үйл ажиллагаа явуулсан гээд хар жагсаалтад оруулсан юм. Үүний улмаас Хятадын компани АНУ-ын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр бизнес явуулах, түүнчлэн Америкийн технологиудыг худалдан авах боломжгүй болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж болзошгүй компаниудын үйлдвэрлэсэн харилцаа холбооны тоног төхөөрөмжийг АНУ-д хэрэглэхийг хориглосон зарлигт гарын үсэг зурсан. Энэ зарлигт “Хуавэй” компанийн нэрийг дурдаагүй ч эх сурвалжууд энэ компанид зориулан гаргасан зарлиг гэжээ.
“Хуавэй”-гийн бүтээгдэхүүн нь тагнуулын зорилготой байж магадгүй гэж Вашингтон үздэг. Тиймээс АНУ 5G технологийг дэмжих тоног төхөөрөмжийн салбарт энэ компанитай хамтран ажиллахгүй байхыг бусад улс оронд уриалдаг юм. Эх сурвалж: BBC
Reuters agency