Breaking News

Эрүүл, зөв амьдралд хөтлөх 4 апп

“Заавал татах аппууд” цуврал нийтлэл нь уншигч таны амьдралд тустай аппуудыг багцлан хүргэдэг бөгөөд 14 хоногт нэг удаа нийтлэгдэх юм.

Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн дасгал хөдөлгөөн хийн эрүүл мэнддээ анхаарах хүмүүсийн тоо эрс нэмэгддэг. Дан ганц дасгал хөдөлгөөн ч бус зөв хооллолт, зөв амьдралын хэв маягийг бий болгохоор хичээж буй танд дараах дөрвөн аппыг санал болгоё.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН

Зөв амьдралын хэв маяг гэхээр хамгийн түрүүнд санаанд орж ирэх зүйл яах аргагүй дасгал хөдөлгөөн байдаг. Хэрэв танд фитнест явах эсвэл хувийн дасгалжуулагчтай болох цаг зав, боломж байхгүй бол дараах аппын тусламжтайгаар өөрт тохирсон дасгалын төлөвлөгөөг бий болгоорой.                                                                                                

Nike Training Club: Энэ бол спорт хувцасны алдартай брэнд Nike-ын хэрэглэгчиддээ зориулж бүтээсэн апп юм. Аппд төрөл бүрийн дасгалын багц багтсан байх бөгөөд өөрт таалагдсан дасгалаа татан авснаар хүссэн үедээ заавар бичлэгийг нь даган хийх боломжтой. Багц бүрд үр нөлөө, шаардагдах хугацаа, хэрэгтэй төхөөрөмж зэрэг мэдээллийг багтааж өгсөн нь тун сайшаалтай. Мөн апп дээр найзуудыгаа нэмж болохоос гадна өөрт ойрхон дасгалын арга хэмжээг хайж болно.

ХООЛЛОЛТ

Дараагийн чухал зүйл бол хооллолт. Бид хэдийгээр зөв хооллолт гэж юу болохыг мэддэг боловч ямар хүнсний бүтээгдэхүүнд хэдэн калори агуулагддаг эсвэл эрүүл хоолны жор зэргийг төдийлөн мэддэггүй. Гэхдээ эрүүл, зөв амьдралын хэв маягтай болохыг хүсвэл дээрх асуултуудын хариултыг мэдэж байх хэрэгтэй.

Lifesum:Аппд бүртгүүлэх үедээ өөрийн зорилго, хүйс, нас, өндөр, жин, одоогийн биеийн галбир болон хүрэхээр зорьж буй биеийн галбир гэсэн мэдээллүүдийг оруулдаг. Эдгээр мэдээлэл дээр тулгуурлан апп зөвхөн танд зориулсан хоолны хуваарийг санал болгоно. Ийнхүү идэж байгаа хоол бүрийнхээ илчлэгийг тогтмол хянаснаар эрүүл, зөв бие галбиртай болох эхний алхам тавигдах юм.

НОЙР

Хүн дунджаар амьдралынхаа 3-ны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Тиймдээ ч нойр бидний амьдралд ихэд нөлөөлдөг зүйлсийн нэг юм. Дараах санал болгож буй апп нь өглөө эрт сэрэх гэж зовдог хүмүүст зориулсан болно.

Alarmy: Ихэнх хүний хувьд үр бүтээмжтэй өдөр өглөө эрт сэрэхээс эхэлдэг. Гэхдээ өглөө эрт сэрнэ гэдэг нь цагаа тулахаар маш хэцүү байдаг билээ. Хэрэв танд ч гэсэн ийм асуудал тулгардаг бол Alarmy аппыг заавал туршиж үзээрэй. Энгийн сэрүүлгийг нэг товч дараад л унтраадаг, харин уг аппыг ашиглан тавьсан сэрүүлгийг унтраахын тулд тоо бодох эсвэл урьдчилж уншуулсан QR кодыг ахин уншуулах эсвэл тодорхой тоогоор сэгсрэх хэрэгтэй.

БЯСАЛГАЛ

Биеийн эрүүл мэндээс гадны оюун санааны эрүүл мэнд гэдэг анхаарал хандуулахгүй өнгөрч болохгүй зүйл. Яагаад гэвэл амжилт, гэр бүл, санхүү зэрэг зүйлс эцсийн дүндээ сэтгэл санааны байдал дээр л тогтдог. Дараах аппын тусламжтайгаар богино хугацаанд стресс, бухимдал, санаа зовнилоос ангижирч дотоод амар амгаланг мэдрэх боломжтой.

Headspace: Ямар нэг байдлаар нийгмийн харилцаанд орж л байгаа бол стресс үүсдэг. Гол нь тэрхүү стрессийг хэрхэн тайлах нь чухал. Стресс, сэтгэл гутрал зэргээс салах хамгийн зохимжтой арга нь бясалгал гэдгийг батлах олон судалгаа, шинжлэх ухааны баримт бий. Тэгвэл гэрийн нөхцөлд бясалгал хийе гэхээр яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол Headspace-ыг хэрэглээрэй. Уг аппд нойрсоход туслахаас эхлээд үр бүтээмж нэмэгдүүлэх, стрессийг багасгах гээд олон төрлийн бясалгалын заавар аудио бий. Гэхдээ тэдгээр заавар бүрийг сонсохын тулд сар бүр хураамж төлөх хэрэгтэй болдог.

Уншигч та өдөр тутамдаа ашигладаг, эрүүл, зөв амьдралд хөтлөх аппуудыг сэтгэгдэл хэсэгт санал болгоорой. 
Эх сурвалж: GoGo.mn
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *