Калифорнийн Divergent Microfactories (DM) старт-апын инженерүүд гурван хэмжээст принтерээр хэвлэсэн дэлхийн анхны гипер автомашиныг бүтээлээ. Blade нэртэй автомашины кузов хийцийг орчин үеийн 3D принтерийн технологиор бүтээсний ачаар жин ердийн уламжлалт хийц бүхий ижил төрлийн машиныхаас 90 хувь буурсан байна.
Автомашины нийт жин ердөө 635 килограмм. Нүүрстөрөгчийн мяндсаар труба хийцээр хүчитгэж өгсөн хөнгөн цагааны хайлшин кузовтой. Автомашины 700 морины хүчтэй хөдөлгүүр бензин болон байгалийн хийгээр ажиллана.
Гипер автомашин 2.2 секундэд 100 километр/цагийн хурд авах чадвартай. Байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах үүднээс автомашины үйлдвэрлэлд гурван хэмжээст хэвлэлийн арга ашиглах нь чухал болоод байгааг DM-ийн төслийн захирал Кевин Чингер тайлбарласан юм. Шинжээчдийн тооцоогоор ирэх арван жилд дэлхийд автомашины тоо гурав дахин өсөх төлөвтэй байгаа.
Үүсээд буй нөхцөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хүн төрөлхтний хүчин чармайлттай уялдан автомашин үйлдвэрлэлийн технологийг эргэн харах шаардлагатай болоод байгааг захирал тайлбарлав.
Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин