
Монголын цахим ертөнцийн акулууд баасан гаригийн үдэш iLoft Function House-д цөм цуглав. Монголын шилдгийн шилдэг блогчдыг шалгаруулах “Монгол блогчид-2010” ёслолын ажиллагаанд интернэтийн зах хязгааргүй ертөнцийн эзэд-блогчид оролцлоо. Энэхүү сонирхолтой арга хэмжээг The New Media Marketing Agency-гаас санаачлан зохион байгуулсан юм.
Цахим ертөнцөд олон жил харилцаж, үзэл бодлоо солилцсон блогчид анх удаа нүүр тулан уулзсан нь энэ үдшийн онцлог байлаа. Анх удаагаа зохион байгуулсан тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд С.Батболд ирж, анхны номинаци буюу оны шилдэг нийгмийн сэдэвт блогчныг нэрлэж, шагналыг нь гардуулан өгсөн юм. Энэ үеэр Ерөнхий сайд микро-блог гэгдэх Twitter-т албан ёсны account-тай болсноо дуулгаж, өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй интернэт, цаашлаад интернэт орчин дахь хамгийн өргөн хүрээг хамарсан харилцааны хэрэгсэл болох блогоор дамжуулан Монголын залуустай байнга харилцаж, үзэл бодлоо хуваалцан, сонирхсон асуултад нь хариу өгөхөө амласан.
Ингээд оны шилдгүүдээр:
Шилдэг энтертайнмент блог-Movie blog
Шилдэг нийгмийн сэдэвт блог-Аanhaa
Шилдэг бизнес блог-Ганзориг
Шилдэг олны таашаалд нийцсэн блог-suuder.com шалгарч, New Media цом, өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн шагнал, “Датаком” ХХК-иас нэг жилийн домэйний эрх хүртлээ.
Ёслолын хамгийн оргил, торгон мөчид Оны шилдгийн шилдэг блогоор gegeen.com тодорсныг зарласан юм. Энэхүү блогийг хөтлөгч Австралид ажиллаж амьдарч байгаа бөгөөд Австралийн мэдээлэл, технологийн шилдэг хүнээр тодорч байжээ. Тэрбээр Монголын залуусыг Австрали руу гарах гарцыг нээж, Монголын ирээдүй болсон мянга мянган залуусыг соён гэгээрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан гэж зохион байгуулагчид тодотгож байв. Австралид байгаа учир хэдийгээр ёслолын ажиллагаанд ирж чадаагүй ч олон мянган уншигчдаасаа баяр хүргэсэн захидал хүлээн авсан тэрбээр блогтоо “Хамгийн гол нь шилдэг нь ч бай, үгүй ч бай манай блогийн идэвхтнүүд, блогийн мэдээллийг амьдралдаа үр ашигтайгаар ашиглаж чадсан сэргэлэн өрсөлдөгчид биднийг үргэлж шинэ сонин санал санаачлага руу хөтөлж байдаг олон асуугч, суралцагч нартаа баяр хүргээд gegeen.wordpress.com блогийнхны хийсэн бүтээсэн бүхэн та бүхэнтэй маань салшгүй холбоотой шүү гэдгийг уламжилмаар байна. Биднийг оюуны их эрэлд мордуулж, урам зориг, эрч хүч, амжилт бүтээлийн аяны шар замд байлдан дагуулж явсан бүх дэмжигчдэдээ чин сэтгэлийн гал халуун мэндийг хүргэе” хэмээн бичсэн байна.

Сонирхолтой нь оны шилдгүүдээр тодорсон блогчид өөрсдөө энэхүү ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирээгүй, шагналыг нь тэдний төлөөлөл болсон хамтрагчид, найз нөхөд нь гардан авсан юм. Цахим ертөнцөд олны танил болсон тэд магадгүй бусдын нүдэнд ил гарахыг хүсээгүй бололтой. Ямартай ч блогоор дамжуулан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, мэдлэг боловсролын баялгийг бүтээх нийгмийн харилцааны хэлбэр болон хөгжиж буй блогийн ертөнцийг шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаа ямар нэг зүйлд баригдаагүй, энгүүн чөлөөтэй уур амьсгал дунд болж өнгөрлөө. Мэдээллийн технологийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан энэ арга хэмжээ жил бүр хүрээгээ тэлж, оролцогчдын хүрээ болоод блогийн чанар ч улам чанаржина буй за.