
Ойрын хугацаанд Apple-ын эргэн тойронд юу болж байна вэ? Сүүлийн iOS 4.3.3 шинэчлэл (update) 5 сарын 5-нд гарсанаас хойш байршилын мэдээллийг iTunes дээр хадгалаад байна гэсэн яриа намжсан хэдий ч Apple фирмийн Bud Tribble тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сенатын өмнө тайлбар хийх болсон байна. Гэхдээ тэд ганцаараа биш бөгөөд Google ч гэсэн Андройд системийн смартфоноороо эзэмшигчийн байршилын мэдээллийг өөрийн серверт хуулсан хэргээр асуугдаж байгаа юм. Тэдний тайлбараар бол зөвхөн таны эргэн тойрон байгаа утасны сүлжээний цамхаг (cell tower) WiFi цэгүүдийн мэдээллийг хуримтлуулж байгаа юм гэнэ. Ингэснээрээ таны смартфон урьд нь явж байсан газраараа дахин явж өнгөрөхөд хадгалсан мэдээллийнхээ дагуу уг цэгийг даруй таньж сүлжээ унахаас сэргийлэх, мөн WiFi сүлжээнд хурдан холбогдох ажээ. За ямартай ч тэд дахин нэг тайлбар тавих үлдээд байгаа гэнэ. Тэгэхээр тэд үнэхээр хүмүүсийн байршилыг тагнаад байж үү, үгүй гэдгийг Конгрессынхон тодорхойлох юм байхаа.
Энэ сард болсон нэг үйл явдал бол цагаан iPhone худалдаанд гарсан билээ. Хэдийгээр 4 сарын 26-нд АНУ-д худалдаалагдаж эхлэсэн хэдий ч бусад орнуудаар бол саяхнаас зарагдаж эхлээд буй юм. Цагаан iPhone-ын хувьд гарах хугацаанаасаа багагүй хойшлогдож байж гарсан билээ. Чанга яригчийн (speaker) дээд хэсэгт байрлах мэдрэгчийг (зургаас харна уу) их биеийн цагаан өнгөнөөс өөр хар өнгийн материалаар ялгаж өгсөн байна. Энэ нь цагаан хуванцарын цаанаас мэдэрч чадахгүй байснаас аргагүй ийм шийдэлд хүрсэн болов уу. Хугацаандаа (өнгөрсөн оны 9 сараас хойш) гаргаж чадаагүй нэг шалтгаан нь энэ гэж байгаа. Харин зарим мэдээний сайтуудын мэдээлж байгаагаар цагаан iPhone-ыг хойшлуулах болсон шалтгаан нь тухайн үед ашиглахаар болоод байсан материал нь уг бүтээгдэхүүний ажиллагаанд нөлөөлж байснаас гадна байгалийн гэрэлд удаахаар хэт амархан өнгөө алдаж байсан гэжээ. Цагаан iPhone-ыг бүтээхээр ажиллаж байхдаа олсон амжилтаараа цагаан iPad 2-ыг гаргаж улмаар амласан цагаан iPhone-оо нийтэд хүртээл болгосон байна.

Гар дээрээ барьж үзэхэд, харамсалтай нь зурган дээр харагдаж байгаа шигээ хундан цагаан бус бага зэрэг шаргал туяатай сувдан цагаан (coral) өнгөтэй байна лээ. Бас нэг яригдаад байгаа зүйл нь хар загвараасаа 0,02мм зузаан байгаа нь хамгаалалтын гэр (case) үйлдвэрлэгчидэд ихээхэн бэрхшээл учруулж байгаа талаар мэдээ байна. Apple фирмийн томчууд Steve Jobs, Phil Schiller нарын хэлсэнээр уншсан болгондоо итгэх хэрэггүй гээд байгаа. Ямартай ч цагаан iPhone барьж үзэх завшаан тохиолдоод байхад хар нь байхгүй байсан болхоор ялгааг нь олж мэдсэнгүй. Гол нь цагаан iPhone таны хэрэглээ боллоо гэдэг нь л чухал шүү дээ, тийм учраас 0,02мм зузаан байна уу нимгэн байна уу хамаагүй мэт санагдана.

За дараагийн мэдээ бол iPhone 4S гэж нэрлэгдээд байгаа загвар гарах гэж байгаа талаар албан бус мэдээнүүд, цуурхалын талаар байх болно. Өнгөрсөн сард уншиж байсан мэдээнүүд дээр Apple фирм, iPad 2-т ашигласан А5 процессороор тоноглосон iPhone 4-ыг томоохон тоглоом хөгжүүлэгчдэд илгээн туршуулж байгаа талаар нилээн байсан. Туршиж байгаа болон туршуулж байгаагийн аль нэг нь баталгаажуулаагүй хэдий ч байж болохгүй гэх газаргүй ба хэдийгээр gyroscope (хөдөлгөөн мэдрэх) технологитой зохицон ажиллах чадвараараа iPhone 4-тэй өрсөлдөх смартфон одоогоор байхгүй хэдий ч Apple фирм саяхан гараад байгаа Samsung Galaxy S 2 (Hopping)-д хариу барих үүднээс iPhone 5 (эсвэл дараа загварын ямар нэгэн нэр бүхий хувилбар)-ыг гаргахааса өмнө одоо байгаа загвартаа бага зэрэг сайжруулалт хийн гаргаж болох юм. Apple болон түүний бүтээгдэхүүнүүдийн талаар нийтлэдэг сайтуудаар тархаад байгаа мэдээнээс харахад A5 dual processor, илүү өндөр нарийвчлалтай камераар тоноглогдож, гадаргуундаа өнгөц өөрчлөлтүүд агуулсан байдлаар гарах бололтой. Сүлжээний хувьд АНУ-ын томоохон операторууд болох T-Mobile (саяхан AT&T худалдаж авсан) Sprint-д таарахаар гарах магадлалтай байгаа гэнэ. HSPA+ технологиор тоноглогдох хэдий ч 27 сая хэрэглэгчтэй China Mobile операторт таарах 4G LTE технологийг дараагийн загвартаа үлдээж буй бололтой гэсэн таамаглал буй. Камерын тухайд бол 8 мегапиксел байх юм гэсэн. Харамсалтай нь эдгээр нь ихэнхи сайтуудын зарлах дуртай найдаж болохуйц эх сурвалжуудаас үүдэлтэй мэдээлэл бөгөөд албан ёсоор танилцуулагдах едээ яаж ч өөрчлөгдөж болно. Сүүлийн үед Apple ер нь гадагшаа мэдээлэл алдах тун дургүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ оны 9 сард, эсвэл 11 сард гарна гэх таамаглалын үнэн эсэхийг Steve Jobs мэдэж байгаа биз ээ.
Тэгвэл iPhone 5 гэдэг яриа юу билээ? Ярихад эрт байгаа мөнөөх л сайтуудаар зарим нэг эд ангиуд нь танилцуулагдаад байгаа юм. Ямартай ч iPhone 5-ыг 12 мегапиксел камертай, Home (буцах) товчгүй байх талаар нилээн яригдаад байгаа шүү дээ. Бас одоо байгаа загвараасаа харьцангуй том дэлгэцтэй байх гэсэн таамаглал нилээн хэсэг хугацааны өмнө гарсан. Өөр яригдаж буй зүйлүүд гэвэл хэлбэрээ өөрчилж, iPod Touch 4G хэв маягтай болох, бас улам нимгэн болно гээд байгаа. Хамгийн сүүлийн үеийн албан бус мэдээгээр iPhone 5-д зориулагдсан хамгаалалтын гэр (case)-ийн загварын фото зураг тархаад буй бөгөөд үүнээс харахад флаш гэрлийн байршил өөрчлөгдсөн байна (Зураг 1). Үүнийг интернетээр тараагдаж буй iPhone 5-ын камерын эд ангийн зураг баталгаажуулж буй бөгөөд iPhone 4-ын флаш гэрэл камертайгаа холбоотой байгаа бол 5-ынхи харин огт харагдахгүй байгаа ажээ (Зураг 2).
Зураг 1.
Зураг 2.
Тэгтэл энэ талаар мэдээ нэмж уншиж байх зуур нэг ийм сонирхолтой таамаглалтай таарлаа. Юу вэ гэхээр, энэхүү флаш гэрлийн байрлал өөрчлөгдсөн хэрэг биш харин "хоёр дахь камер" байж магад гэсэн байна. Хоёр камераар юу хийж болох вэ? Тиймээ, яах аргагүй 3D дүрс дарах, бичлэг хийх боломжтой болчихвол... Байж болох л таамаглал шүү дээ.